Дэлхий

Токаев тангараг өргөхтэй зэрэгцэн жагсаал болов

Нийтэлсэн

Казахстаны ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Касым Жомарт Токаев Бямба гаригийн өглөө тангарагаа өргөсөн. Арваннэгдүгээр сарын 20-нд болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар Токаев 81.3 хувийн санал авчээ. Сонгуулийн ирц 69.4 хувьтай байсан. Токаев тангараг өргөхдөө “Казахстан улс дипломат харилцааны олон талт бодлогоо үргэлжлүүлж, Зөвлөлтийн дараах орнууд, АНУ, Европын холбоо, Хятадтай харилцаагаа хөгжүүлнэ” гэж мэдэгджээ. Тэрбээр өнөөдөр /2022.11.28/ анхны гадаад айлчлалаараа Москваг зориод байна.

Гэтэл нийслэл Астана хотод “KeruenCity” худалдааны цогцолборын ойролцоо ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой зэрэгцээд жагсаал болжээ. Дэлхий даяар өрнөж буй жагсаал цуглааны талаарх ерөнхий мэдээллийг нийтэлдэг “Crisis 24” цахим хуудаснаа мэдээлснээр, Бямба гаригт орон нутгийн цагаар 11:49-т жагсаал эхэлсэн байна. Жагсаалын үеэр хот хэдэн цагийн турш интернетгүй байсан бөгөөд олон 10 хүн баривчлагдав. Жагсаал нэг цаг орчим л үргэлжилсэн. Казахстанд жагсаал цуглаал зохион байгуулахын тулд эрх баригчдаас зөвшөөрөл авах ёстой байдаг.

Баривчлагдсан хүмүүсийг Казахстаны хамгийн залуу саятан, бизнесмэн Марат Абиевын талынхан байсан гэв. Марат Абиев нь “Ирээдүйн архитекторууд” гэх бүлэглэлтэй бөгөөд өөрөө жагсаалд оролцсон байж болзошгүй. Телеграмд нийтэлсэн нэг бичлэг дээр “Чи Абиевыг барьсан уу?”, “Тийм ээ, би Абиевыг барьсан” гэж хоёр цагдаа хашгирч байсан. Бичлэгээс харахад толгойдоо улаан алчуур зүүсэн эрчүүд цагдаа нартай муудалцаж байв. Энэ улаан алчуур нь Абиевын ашгийн бус байгууллагынх гэж үзэж байна. Абиев энэ оны тавдугаар сард Астанад концерт зохион байгуулах гэж байгаад Казахстаны эрх баригчидтай зөрчилдөж байсан удаатай.

Энэ жагсаал ерөнхийлөгчийн тангарагтай холбоогүй гэж хэвлэлүүд бичсэн байна. Харин цахим орчинд уг жагсаалыг ерөнхийлөгч Токаевыг тангараг өргөхийг эсэргүүцсэн жагсаал гэж нэрлэв.

Сонгуулийн дараагийн өдөр Ардчилсан институци, хүний эрхийн албаны ажиглалтын баг мэдэгдэл нийтэлсэн. Жинхэнэ бие даасан нэр дэвшигчид нь өрсөлдөхөөс сэргийлсэн, бодит өрсөлдөөнгүй болсон, санал тоолох үйл явц ил тод бус байсан гэж ажиглалтын баг шүүмжилжээ. Сонгуулийн өдөр жагсаал зохион байгуулах нь ямар үр дагавартай болохыг эрх баригчид санал хураалтын өмнө анхааруулсан. 238 хүн амиа алдсан нэгдүгээр сарын үймээн дахин давтагдах вий гэж албаныхан санаа зовж байна.

Эх сурвалж: INTELLINEWS, TVP WORLD, CRISIS 24

Exit mobile version