Улс төр
УИХ-ын гишүүд халдашгүй байдлаар халхавчлуулж үлдэх боломжгүй болсон
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-Авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөл, уучлалд хамруулахгүй байх заалтыг тодотгож оруулж байна. Энэ бол талбай дээр жагсаж буй хүмүүсийн шаардлага. Мөн эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэг дээр эрх хасах ялыг 20 жил хүртэл хугацаагаар оногдуулж болохоос гадна Төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа.
Ялын бодлогыг чангатгах асуудлыг авч үзлээ. Эрүүгийн хуулийн 22.1-т торгох ял оногдуулдаг. Эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд торгох ял хүлээх ямар ч боломжгүй болж, энэ заалтыг бүхэлд нь байхгүй болгож байна.
Авлига албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх өөрчлөлтийг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна. Их хэмжээний авлига авчхаад 40 саяар торгуулиар суллагдчихлаа гэдэг шүүмж байдаг. Авлигад авсан, гэмт хэргийн замаар олсон бүх хөрөнгийг хураадаг. Мөн Засгийн газраас өөрийн орлогоос давсан автомашин унаж, хөрөнгө эзэмшиж байвал шалгах чиглэлийг өгсөн.
Ерөнхийдөө УИХ-д нөлөө бүхий этгээдүүд халдашгүй байдал нэрээр асуудлаас сугарч үлддэг, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж удаашруулдаг зүйл ингээд дуусгавар болж байна.
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдуулан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж байна. Цаашид нийтийн албан тушаалтан өөрийн орлогоос давсан эд хөрөнгө эзэмшиж, автомашин унаад явж байвал татвар төлөлт, хэрэглээтэй нь уялдуулж шалган шийдвэрлэх орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарахыг Засгийн газраас ХЗДХЯ-нд өгсөн.
Мөн Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д онц дэглэм тогтоож, онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр намайг томилсон. Би өнгөрөгч баасан гарагт ажлаа авсан. Ажлаа авснаас хойш орон нутагт ажиллаад өчигдөр Улаанбаатар хотод ирлээ.
Тэнд хоёр асуудал байна. Нэгд, мөргөцгийг бүртгэлгүй хил давуулсан гэх. Ийм зүйл болсон уу, эсхүл шатсан уу шатаагүй юу гэдгийг мухарлахаар ажил явагдаж байна.
Хоёрт, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хилийг давж орж ирж Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК 340 мянган тонн нүүрсийг олборлосон гэх асуудал байгаа. Төрийн өмчит компанийн талбайгаас орон нутгийн өмчит компани нүүрс олборлох асуудал байж болохгүй. Энэ бол нэг компани нөгөө компаниас хууль бусаар авсан гэсэн үг. Хоёр компани хил залгаа учраас техникийн нөхцөлтэй холбоотой асуудал гарсан гэдэг зүйлийг хэлж байгаа ч үүнд аудит оруулна.
Нүүрсийг бүртгэлгүй хил давуулсан уу, энэ нүүрсийг буцааж өгөх үү, хэрэв нүүрсийг хил давуулсан бол орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д орлого орсон эсэх санхүүтэй холбоотой асуудлыг шалгана. Эргэн мэдээлнэ.