Нийгэм

Д.Болд: Хятад иргэд Замын-Үүд-Эрээний боомтоор эрүүл мэндийн асуумж бөглөөд орж ирнэ

Нийтэлсэн

БНХАУ зорчигч тээврийн хилээ нээж буйтай холбогдуулан ГХЯ-наас өнөөдөр мэдээлэл өглөө. Хил нээгдэж байгаа учир зорчигчдын урсгал хоёр талдаа нэмэгдэнэ гэдгийг онцлов.

ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Д.Болд “Монгол Улсын хилийн боомтуудаар ОХУ-ын иргэд чөлөөтэй зорчиж байгаа. Эдгээр иргэн хилээр орж ирэхдээ эрүүл мэндийн асуумжийг бөглөдөг. Үүнтэй адилаар хятад иргэд Замын-Үүд-Эрээний боомтоор эрүүл мэндийн асуумж бөглөөд орж ирнэ.

Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн онд манай улс дотооддоо цар тахлын хорио цээрийн дэглэмээ цуцалсан.  Иймээс агаарын болон авто замын бүх боомтоор гадаадын иргэдийг хорио цээрийн дэглэм хязгаарлалтгүйгээр хүлээж авах үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ нь улс орны эдийн засаг болон иргэд зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ гэж үзсэн” гэв.

БНХАУ-д зорчоод буцаж ирж буй Монгол Улсын иргэд эрүүл мэндийн асуумжаа бөглөөд орж ирнэ гэдгийг тодотгов.

“Гаалийн байгууллагаас тус улсаас Монгол Улсын хилээр нэвтрэх гэж буй иргэнд коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрвэл гүнзгийрүүлсэн үзлэг шинжилгээ хийж, PCR  шинжилгээ авах байх. Халдварын шинж тэмдэгтэй иргэдийг тусгаарлах шийдвэр байхгүй.

Манай улсын иргэд Хятадын хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байна. Хилээр нэвтрэхдээ Хятадын хорио цээрийн аппликэйшнийг бөглөөд сөрөг хариугаа оруулна. PCR  шинжилгээний хариуг цаасаар шаардахгүй. Хамгийн гол нь аппликэйшнийг бөглөнө. Хэрэв аппликэйшнийг бөглөж чадахгүй бол Хятадын хил дээр эрүүл мэндийн асуумжийг хэвлээд өгснийг бөглүүлсэн байх шаардлагатай гэсэн. China customs аппликэйшнийг гар утсан дээрээ татаж авч энэхүү асуумжийг бөглөнө.

Коронавирусийн халдварын эрсдэлийн үнэлгээг ЭМЯ хийх байх.

Хилийн боомтыг нээснээс хойш Омикроны болон мутацит хувилбаруудын давлагаа манай улсад орж ирвэл ЭМЯ, УОК тухайн цаг үед тодорхой арга хэмжээг авах болов уу.

Хятадаас орж ирэх ачаа болон тээврийн хэрэгсэлд ариутгал хийгдэнэ” хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Exit mobile version