Эдийн засаг

Цагаан хад-Ганц мод боомт хүртэлх тээврийн зардал арав дахин буурах боломжтой

Нийтэлсэн

Төрийн худалдан авах ажиллагааны газар тендер зарлан, “ЭТТ”-н уурхайгаас хил хүртэл нүүрс тээвэрлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах болсон. Тендерийг энэ сарын 18-ны лхагва гарагт нээнэ.

Ингэснээр тус компанийн нүүрсийг худалдан авагчид өөрсдөө тээвэрлэгчээ сонгодог байдлыг халах юм. “ЭТТ”-н Худалдан авах газрын дарга Н.Цэрэнсамбуу “Сонгон шалгаруулалтын дараа богинын тээвэр буюу Цагаан хад-Ганцмод боомт хүртэлх тээврийн өртөг арав дахин буурах боломжтой. Учир нь энэ тээвэрт явах хүсэлтэй олон компани байдаг. Бид тендерт доод үнийг тавибал бүх оролцогч доод үнэ санал болгох тул доод үнэ заагаагүй” гэсэн юм.

Тээвэрчдийн эргэлзэж буй бас нэг асуудал нь “ЭТТ” ХК хөлсөө тухай бүрд нь өгөх үү? Тээвэрчид өнөөг хүртэл нүүрс худалдан авсан талтай тохиролцон ажилласаар ирсэн. Харин ирэх сарын 1-нээс “ЭТТ”-той гэрээ байгуулна. Тус компани 2021 онд барагдуулах байсан зарим өр төлбөрөө саяхан барагдуулжээ. Иймд жолооч нар “ЭТТ” тээврийн хөлсөө төлөхгүй бол яах вэ хэмээн санаа зовж байна.

Сангийн яам хөрөнгө оруулалтын төлбөрийг ажлын гурав хоногт багтаан шилжүүлдэг журамтай. Яг энэ журмыг “ЭТТ”-н гүйцэтгэх захирал хэн байхаас үл хамааран мөрддөг болохыг тээвэрчид хүсэж байна. Ингэвэл тээвэрлэсэн, тээвэрлүүлсэн аль аль талд төвөг чирэгдэл бага учрах, хамтарч буй талуудын итгэлцэл бэхжих зэрэг давуу талтай юм.

Exit mobile version