Дэлхий

Роскосмосын захирал асан биеэс нь авсан сумны хэлтэрхийг Францын ерөнхийлөгчид илгээжээ

Нийтэлсэн

ОХУ-ын сансар судлалын төв байгууллага Роскосмосын захирал асан Дмитрий Рогозин өнгөрсөн сард Украины Донецк мужид ажиллаж байхдаа их бууны цохилтод өртөж, шархдаж байсан билээ.

Тэрбээр Донецкийн салан тусгаарлагчдад зөвлөх үүрэгтэй Оросын засгийн газрын илгээсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.

Рогозины байрлаж байсан зочид буудал Украины их бууны цохилтод өртсөн юм. Тухайн үед тэр зочид буудлын ресторанд ажил хэргийн уулзалтад оролцож байснаа сүүлд ярьсан байдаг.

Харин Оросын зарим хэвлэл түүнийг 59 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан гэж мэдээлсэн юм.

Цохилтын улмаас Рогозины баруун далны дээд хэсэгт сумны хэлтэрхий туссан байна. Хамт байсан хүмүүсийн хоёр нь алагдаж, нэг нь шархадсан гэдэг.

Харин өчигдөр Рогозин биеэс нь мэс заслын аргаар авсан сумны хэлтэрхийг Москва дахь элчин сайдын яамаар нь дамжуулан Францын ерөнхийлөгч Эммануэл Макронд илгээснээ мэдээлжээ. Учир нь түүнийг шархдуулсан сум Францын 155 мм-ийн Цезарь их бууных байсан байна.

“Захианыхаа хамт 155 мм-ийн Цезарь их бууны сумны хэлтэрхийг илгээлээ. Энэ хэлтэрхий миний баруун мөрний хэсгээр нэвтэрч, хүзүүний тав дахь нугаламд тээглэж тогтсон байсан. Хэрвээ нэг л миллиметр хэтэрсэн бол би амиа алдах, эсвэл тахир дутуу болох байлаа” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ.

Дайны гэмт хэрэг үйлдсэн хэн ч хариуцлагаас мултрахгүйг Макронд анхааруулах зорилготойгоо Рогозин тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version