Covid-19

Хятадаас коронавирусийн шинэ хувилбар илрээгүйг ДЭМБ мэдэгдэв

Нийтэлсэн

Хятад улсын ирүүлсэн Ковидын мэдээллийг шинжлээд коронавирусийн шинэ хувилбар илрүүлээгүйгээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдэгджээ.

Харин халдварын улмаас нас барсан хүнийхээ тоог бүрэн гаргахгүй байгааг нь шүүмжилсэн байна.

“Тэг ковид” стратегиа цуцалсны дараа Хятад даяар цар тахлын томоохон давлагаа эхэлсэн нь дэлхий нийтийн санааг зовоож байгаа. Хятад улс ирэх долоо хоногоос хилээ нээх болсонтой холбогдуулан дэлхийн олон улс орон тус улсаас ирэх зорчигчдод тавих хяналтаа чангатгаад байна.

Мягмар гарагт ДЭМБ-ын мэргэжилтнүүд Хятадын судлаачдын төлөөлөлтэй уулзаж, сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар тоо баримт, мэдээлэл авснаа боловсруулж, нэгтгэсэн юм байна.

ДЭМБ-ын шуурхай тусламжийн албаны захирал Майк Райан өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Хятадын талаас өгсөн тоо баримтад эмнэлгүүдийн ачаалал, нас баралт зэрэг чухал мэдээллүүд хангалттай тусгагдаагүйг ярьжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус дээрх төрлийн тоон мэдээллийг Хятадын талаас тогтмол, шуурхай өгдөг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

“Хятадад нүүрлээд буй эрүүл мэндийн эрсдэлд ДЭМБ санаа зовж, нас баралт, өвчний хүндрэлийг бууруулахад вакцинжуулалтын ач холбогдол өндөр болохыг дахин сануулж байна” гэж тэр хэлжээ.

Хятадын эрх баригчдын өгсөн мэдээллээс үзвэл тус улсад одоо Омикрон хувилбарын BA 5.2, BF.7 дэд хувилбарууд хамгийн түгээмэл тархсан байна.

Олон улсын зарим байгууллагууд энэ онд Хятадад нэг сая орчим хүн коронавирусийн халдвараар нас барах тооцоо гаргаад байгаа.

Гэтэл “тэг ковид” стратеги цуцлагдсан цагаас хойш тус улсын засгийн газар өдөрт тав хүрэхгүй тооны нас баралт бүртгэснээ мэдээлж байна.

Тухайлбал Мягмар гарагт Хятад даяар таван хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт эндэгдлийн тоо 5,258 хүрсэн нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад маш бага үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version