Энтертайнмент
В.Путин иргэддээ Украинтай хийсэн дайны тухай кинонуудыг кино театрт үзүүлэхээр болжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын кино театруудад Украинтай хийсэн дайны тухай баримтат киног үзүүлэхийг Соёлын яаманд үүрэг болгов . Мөн үзэгчдэд “неонацист, неофашист үзэл суртлын тархалтын эсрэг тэмцэл”-ийн тухай зургуудыг үзүүлэх ёстой” хэмээн үүрэг болгов.
Өмнө нь В.Путин цэргийн алба хаагчдын ээжүүдтэй хийсэн уулзалтад оролцогчдын нэг найруулагч Олеся Шигина түүнд эх оронч сэдэвтэй кинонуудыг телевиз, кино театруудаар гаргах дургүй байдаг хэмээн гомдоллож, “энэ ханыг нэвтлэхийг” хүссэн юм.
Цаашлаад, “Артдокфест, Кинотавр зэрэг кино наадам манай ард түмнийг садар самуун агуулгатай, кинонуудаар хэдэн жил зовоож байна. Одоо бид баатруудынхаа тухай кино хийж, ном бичих зэргээр соён гэгээрэх хэрэгтэй. Би хувьдаа траншейнд суугаад тэдний тухай бичихэд бэлэн байна ” гэж найруулагч Шигина хэлж байв.
Ингэснээр Путинтэй уулзсаныхаа дараа Оросын кино театрууд түүний Украины дайны тухай өгүүлсэн “Зоригтой” кино үзвэрийг гаргахаар болсон байна. Мөн түүнчлэн Оросын түрэмгийллийн ойн өдөр буюу хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Москвад “aRTel.doc: Баатруудын цаг” олон улсын баримтат киноны анхдугаар наадам зохион байгуулагдаж, Украины дайны тухай кинонууд цацагдах аж.