Дэлхий

Афганистанд алба хааж байхдаа 25 хүний амийг бүрэлгэснээ хунтайж Харри анх удаа дэлгэжээ

Нийтэлсэн

Их Британийн хунтайж Харригийн бичсэн “Spare” нэртэй дурсамж ном ирэх долоо хоногт худалдаанд гарах гэж байгаа.

Өчигдөр тус улсын хэвлэл энэхүү номд бичигдсэн зарим баримтыг түрүүлэн ил болгожээ.

Тухайлбал одоо 38 настай хунтайж Афганистанд алба хааж байхдаа нийт 25 хүний амийг хөнөөснийг дурсамждаа бичсэн юм байна.

Тэрбээр хоёр удаа Афганистанд очиж байсан ба 2007-2008 онд агаарын довтолгооны удирдлагын төвд хянагчаар ажиллаж, 2012-2013 онд байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр ажиллажээ.

Нисдэг тэрэгтэй зургаан удаа байлдааны даалгавар биелүүлэхдээ нийт 25 хүний амийг хөнөөснөө Харри дурсамждаа бичсэн байна.

Тэрбээр энэ баримтаасаа ичдэггүй ч бас гайхуулаад байдаггүй гээд дайсныг устгах нь “хөлөг дээрээс шатар унагахтай адил” байсныг дурсжээ.

“Миний тоо бол 25. Энэ тоо надад бахархал төрүүлдэггүй, бас ичих шалтгаан болдоггүй” гэж тэр бичсэн байна.

АНУ-д есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлага, энэ явдлын хохирогчидтой уулзсан зэрэг нь үйлдлээ зөвтгөх шалтгаан болсныг Харри тайлбарласан байна.

Тэрбээр өмнө нь хэзээ ч дайнд амийг нь хөнөөсөн хүнийхээ тоог зарлаж байгаагүй юм.

Дурсамждаа Харри бас анх 17 настайдаа кокайн хэрэглэж үзсэнээ бичсэн байна. “Энэ нь надад тийм ч таатай мэдрэмж төрүүлээгүй. Би 17 настайдаа заасан дэг журмыг зөрчиж, бүхнийг үзэх, мэдрэх хүсэл сонирхолтой байлаа” гэж тэр бичжээ.

Ээжийгээ алдсаны (гүнж Диана) дараа зугаа цэнгэл хөөж, замбараагүй амьдарч байсан тэрбээр гэргий Меган Марклтэй танилцсаныхаа дараа буюу 30-аад насандаа төлөвшиж, амьдралын зөв замд орсон гэж үздэг юм байна.

“Spare” дурсамж номын испани хэл дээрх орчуулгыг санамсаргүй алдааны улмаас цагаас нь эрт худалдаанд гаргасныг Британийн Телеграф сонин олж, доторх агуулгаас нь урьдчилан мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version