Нийгэм
Замын-Үүд боомтын зорчигч тээврийн терминал ашиглалтад орлоо
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны есдүгээр сард эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2023.01.08/ Замын-Үүд боомтын зорчигч тээврийн терминал ашиглалтад орлоо. Харин энэ оны хагаст ачаа тээврийн терминалыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 233.5 сая юань, Монгол Улсын төсвийн хөрөнгийн 30.35 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж тус боомтод шинээр зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж баригдах төлөвлөгөөт ажлуудыг хийхээр эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар зорчигч тээврийн цогцолборын барилга байгууламж болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусаж, нийт 19.72 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн авчээ.
Боомтыг шинэчлэх, өргөтгөх бүтээн байгуулалт хийгдсэнээр нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ гэж тооцож буй юм.