Улс төр

Ж.Алдаржавхлан: Хурал хийх гэж жил бүр 25 тэрбумыг зарцуулж байна

Нийтэлсэн

Одоо л ярилцаж, шийдэхгүй бол энэ асуудал дахин 10 жил дарагдаж магадгүй байгаа тул ийнхүү санаа зовниж хоёр дахь бичвэрээ бичиж сууна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль гэж юу вэ?

  • Олон зуун хүн хувиасаа олон саяын төгрөгийн зардал гаргаж нэр дэвшинэ.
  • Төрөөс олон тэрбумын хөрөнгө гаргаж дүүрэг, сумын хурлын сонгуулийг зохион байгуулна.
  • Зөвхөн сүүлийн 4 жилд жил бүр 22-25 тэрбум төгрөгийн хөрөнгийг есөн дүүргийн ИТХ-ын санхүүжүүлтэнд зарцуулжээ.

25 тэрбумынхаа хариуд улиралд нэг удаа хуралдах ч ийм асуудлуудыг хэлэлцээд ард түмэнд тийм ашиг тус гаргалаа гэдэг мэдээлэл бараг үгүй. Жилдээ нэг удаа улс, нийслэлээс хянагдаж ирсэн төсвийг дотор нь жаахан хөдөлгөж батална.

1992 онд Анх бодож байгуулахдаа хороо бүрд, дүүрэгт бүрд, сум бүрд хурал байгуулж өгөөд тэнд иргэдийг төлөөлсөн төлөөлөгчид нь асуудлуудыг жигтэйхэн хэлэлцээд гайхалтай ардчиллыг бий болгоно гэж тооцоолсон байх.

Гэтэл өнөөдөр интернэтийн эрин үед нийгмийн сүлжээ, албан ёсны цахим хуудаснуудаар дамжуулж иргэд дуу хоолойгоо хаана бол хаана хүргэдэг болжээ. Шууд Засгийн газарт, Хотын даргад асуудал тавьж дуу хоолойгоо хүргэдэг болжээ. Засаг төр ч сонсдог болчхож.

Ингэж давхарга бүрд хурал байгуулж сонгууль явуулах нь үр ашиггүй.

Та бүхэнд зөвхөн дүүргүүдийн ИТХ-ын сүүлийн 4 жилийн төсвүүдийн задаргааг харуулъя.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийслэл, 9 дүүргийн ИТХ-ын санхүүжилтэд 118,0 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ нь одоогийн ханшаар 12 сургууль эсвэл 30 цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө юм.

Үүн дээр 21 аймаг, 330 сумын ИТХ-ын төсөв зардлыг нэмбэл тамтаггүй их тоо болно. Энэ бүх байдлаас дүгнэж үзээд дараах өөрчлөлтүүдийг хиймээр байна

  • Нийслэл, дүүргийн тус тусдаа байдаг ИТХ-ыг татан буулгаад нэгтгэж хөрөнгө зардлаа хэмнэх
  • Нийслэл, дүүргийн ажил үүргийн давхардлуудыг арилгаж засаг захиргааны шат дамжлагыг цөөлөх.
  • Аймаг, Сумын ИТХ-ыг нэгтгэх,

30 жилийн өмнө ардчилал гэгчээр амьдарч үзээгүй хүмүүсийн ардчиллыг бодож байгуулсан засаглалын хуваарилалтыг одоо засварлах цаг нь болжээ.

Exit mobile version