Энтертайнмент

Монголд ирсэн хоёр жуулчин тутмын нэг нь ОХУ-ын иргэн байв

Нийтэлсэн

2022 онд Монгол Улс 290.4 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 350 сая ам.доллар хүрснийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдээллээ.

Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо 145 мянга болж, 2019 он буюу цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтийг давж, дээд түвшинд хүрчээ. Өнгөрсөн онд Монголд ирсэн хоёр жуулчин тутмын нэг нь ОХУ-ын иргэн байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам онцолж байгаа юм.

2019 онд Монгол Улс БНХАУ-аас хамгийн их буюу 168 мянган жуулчин хүлээн авч байсан бол 2022 онд хил гаалийн хязгаарлалтын улмаас тус улсаас 5300 гаруй жуулчин ирсэн байна.

БНХАУ энэ сарын наймны өдрөөс хилээ нээснээр 2023 онд Монгол Улсад ирэх тус улсын  жуулчдын тоо сэргэх төлөвтэй байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар буюу 4.2 их төгрөг хүргэхийг зорьж байна. Энэ хүрээнд ирэх онд Монгол Улсыг олон улсад сурталчлах 22, бүс, орон нутгийн шинжтэй 69 гээд жилийн турш 90 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг татах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 он дуустал гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлөхөөр болсон юм.

Монгол Улсыг зорин ирдэг жуулчдын тоогоор тэргүүлдэг, дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс, Австрали, Шинэ Зеланд улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд тодорхой түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. Ийнхүү Монгол Улсад визгүй зорчдог улсын тоо 61 болж байна.

Exit mobile version