Улс төр

Н.Энхбаяр: Парламентыг хяналттай болгох хамгийн чухал алхам нь хоёр танхимтай болох

Нийтэлсэн

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл – нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг дан ганц хүн эсвэл тогтолцоотой холбон ярьж болохгүй.

Аливаа том асуудлын нэг жижиг зүйлийг өөрчлөхөд л тухайн сэдэв үндсээрээ өөрчлөгддөг. Тиймээс бид Үндсэн хууль дээр гарсан алдааг харж байгаад өөрчлөлт хийж чадвал хулгай зогсоно.

Харамсалтай нь өнөөдөр зөвхөн хоёр танхимтай парламентын асуудлыг ярьж байна. Хүний эрх, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, шударга шүүх, орон нутгийн өөрөө удирдах засаглал, жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрх хаана байна.

Энэ бүх асуудлыг хоёр танхимтай парламентаар хязгаарласнаар залуусыг албан тушаал руу тэмүүлэх сэдлийг өдөөх эрсдэлтэй.

Парламентыг хяналттай болгох хамгийн чухал алхам бол хоёр танхим байгуулан нэг нь нэгийгээ хянах явдал. Өндөр хөгжилтэй Их Британи, АНУ, Герман улсын парламент хоёр танхимтай үйл ажиллагаа явуулдаг.

Тиймээс манай улс хоёр танхимтай болох нь зөв. Ингэхдээ байгалийн баялгийг тэгш хүртээх асуудлыг мартаж болохгүй.

Түүнчлэн монгол залуусаа их, дээд сургуульд үнэгүй сургаж яагаад болохгүй гэж. Хүн өвдөж байхад эмчилгээний төлбөрөө яагаад өөрөө төл гэдэг юм бэ. Үүнийг өөрчлөх ёстой.

Учир нь Үндсэн хуульд зөвхөн ЕБС-д үнэгүй сургана, ЭМД-аас хөнгөлөлт олгоно, илүү гарсныг нь өөрөө төлнө гэж заасан байдаг.

Аливаа ойлгомжгүй байдал дураараа дургих асуудлыг өөгшүүлдэг. Бид ерөнхийлөгчийн эсвэл хоёр танхимтай болох тогтолцоо руу шилжих хэрэгтэй” гэлээ.

Exit mobile version