Дэлхий
SpaceX компани Өмнөд Солонгост Starlink үйлчилгээ эрхлэн явуулах хүсэлтээ гаргажээ
Тэрбумтан Илон Маскийн SpaceX компани хиймэл дагуулын интернэт холболтын Starlink үйлчилгээгээ эрхлэн явуулах зөвшөөрлийг авахаар Өмнөд Солонгосын засгийн газарт хандсан тухай Ёнхап агентлаг өчигдөр мэдээлжээ.
Тодруулбал тус компани үйлчилгээ эрхлэх хүсэлтээ энэ сарын эхээр Өмнөд Солонгосын Шинжлэх Ухаан, Мэдээллийн Технологийн яаманд гаргаж, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн юм байна.
Starlink үйлчилгээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан Өмнөд Солонгосын зах зээлд танилцуулах төлөвлөгөөг SpaceX өмнө нь мэдээлж байжээ.
Хамгийн сүүлд тус компани Филиппин улсад өнгөрсөн оны аравдугаар сард үйлчилгээгээ нээсэн юм.
Маш олон тооны арлаас газар нутаг нь бүрддэг, интернэтийн дэд бүтэц муу хөгжсөн ч бүс нутагтаа гар утасны нэвтрэлт хамгийн өндөр буюу 138 хувьтай байдаг Филиппин улсад энэ нь маш өндөр ач холбогдолтой үйл явдал байв.
Дэлхийн бөмбөрцгийг тойруулан нам өндрийн тойрог замд хиймэл дагуулуудын сүлжээ байгуулах замаар интернэт үйлчилгээ үзүүлэх бизнес сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа.
Starlink-ээс гадна Амазон компанийн Kuiper, Их Британийн OneWeb зэрэг энэ төрлийн бизнесүүд зах зээлд өрсөлдөж эхлээд байна.
Эх сурвалж: Reuters