Дэлхий
UFO буюу үл мэдэгдэх нисдэг биет үзэгдэх нь улам нэмэгдэж, нийт 510 тохиолдол бүртгэгдсэн тухай Пентагон мэдээлжээ
АНУ-ын засаг захиргаанд албан ёсоор бүртгэгдсэн UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетийн тоо 510 хүрснийг Пүрэв гарагт нууцаас ил гарсан баримт бичигт дурджээ.
Эдгээрийн ихэнх нь тус улсын цэрэг, батлан хамгаалахын хяналтад байдаг агаарын орон зайд илэрсэн байна. Хэдийгээр харь гарагийнх гэдгийг нь баталж чадаагүй ч эдгээрийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа гэж дүгнэжээ.
Өнгөрсөн онд Пентагон өөрийн бүтцэд All-domain Anomaly Resolution Office нэртэй албыг байгуулсан нь үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй холбоотой бүх асуудлыг хариуцах үүрэгтэй байв. Тус албанаас 2022 онд гаргасан тайланг сая хэсэгчлэн нийтэд ил болгожээ.
Гэхдээ үл мэдэгдэх нисдэг биетийн тухай сүүлийн тайланд нийт тоог нь харуулсан ч хаана, хэзээ үзэгдсэн тухай нарийн мэдээллийг нууц хэвээр үлдээсэн байна.
Дурдагдсан 510 тохиолдлын 144 нь өмнө илэрсэн байсан хуучин тохиолдлууд бол 366 нь шинээр нэмэгджээ.
Дээрх бүх биетүүд автомат жолоодлоготой буюу нисгэгчгүй систем байх өндөр магадлалтайгаас гадна анхаарал татсан онцгой содон чадвартай нь харагдаагүй тухай мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press