Дэлхий
Парисын оршин суугчид цахилгаан скүтерийг хориглох эсэхийг санал асуулгаар шийднэ
Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр цахилгаан скүтерийг хориглох эсэх талаар санал асуулгыг Францын нийслэлийн оршин суугчдын дунд зохион байгуулахаар болжээ.
Парис хотын захирагч Аннa Идальго энэ өдөр иргэд “Бид скүтер түрээсийн үйлчилгээг үргэлжлүүлэх үү, эсвэл зогсоох уу?” гэсэн ганцхан асуултад хариулах ёстойг өнгөрсөн амралтын өдөр нийтлэгдсэн ярилцлагадаа тайлбарласан байна.
Захирагч өөрөө хориглохын төлөө байгаа ч Парисчуудын сонголтыг хүндэтгэхээ мэдэгджээ.
Одоогоор тус хотод гурван компанийн нийт 15,000 орчим түрээсийн скүтер ашиглагдаж байгаа юм байна.
Гэвч скүтер хөлөглөгчид замын хөдөлгөөний дүрэм зөрчих, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулах, скүтерээ дуртай газраа хаях, бүр Сенна мөрний усанд хаях зэрэг хэрэг зөрчлүүд хүртэл гардаг болжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард хотын эрх баригчид түрээсийн үйлчилгээ үзүүлэгч гурван компанид зөрчлийг багасгах тал дээр арга хэмжээ авах анхааруулга өгч, байдал сайжрахгүй бол энэ оны гуравдугаар сард дуусах зөвшөөрлийн хугацааг нь сунгахгүйгээ мэдэгдсэн юм.
Арваннэгдүгээр сард үйлчилгээ үзүүлэгчид нөхцөл байдлыг сайжруулах шийдлүүдээ танилцуулж байжээ.
Гэвч Парисын оршин суугчдаас ирсэн скүтертэй холбоотой гомдол буурахгүй байгаа тул санал асуулга зохион байгуулахаар болсон байна.
Идальго хувийн эзэмшлийн скүтерийг хориглох талаар санал асуулгад тусгаагүй зөвхөн түрээсийн үйлчилгээний талаар шийдвэр гаргахыг “Le Parisien” сонинд ярьжээ.
Эх сурвалж: AFP