Энтертайнмент

Украины дайны хамгийн халуун цэг болоод буй давсны орон Соледарын тухай

Нийтэлсэн

Сүүлийн саруудад Донецк мужийн Бахмутын ойролцоох Соледар хэмээх жижигхэн хот Украины дайны хамгийн халуун цэг болоод байна.

Баасан гарагт Оросын тал уг хотыг бүрэн эзэлснээ зарласан ч Украины тал няцааж байгаа.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Вагнер Группийн тэргүүн Евгений Пригожин хөлсний цэргүүд нь Оросын армийн туслалцаагүйгээр Соледарт ялалт байгуулснаа зарлаж байв.

Ингэхдээ тэр Соледарын алдарт давсны уурхайд байгаа цэргүүдийнхээ гэрэл зургийг үзүүлж байжээ.

Дараа нь ОХУ-ын батлан хамгаалах яам Соледарын төлөө тулаанд Вагнер Группийн цэргүүд тэргүүлэн оролцсоныг хүлээн зөвшөөрсөн нь ховор тохиолдол байлаа.

АНУ-ын албаныхан Соледар хотын төлөө ингэж ширүүн тулалдаж байгаа нь Вагнер Группийн эдийн засгийн ашиг хонжоотой холбоотой гэж сэжиглэж байна.

Учир нь Соледар бол Европын хамгийн их нөөцтэй давсны уурхайнуудын нэг юм. Тус уурхайгаас Украины төрийн өмчит Артемсил компани олборлолт явуулдаг байснаа дайны улмаас зогсоосон байна.

19 дүгээр зууны сүүл үеэс хойш эндээс нийт 280 сая тонн давс олборлосон гэсэн тоо баримт байдаг.

Уурхайн гүнд давсаар бүрхэгдсэн газар доорх жижиг хот байдаг гэхэд болно.

Давсан хонгилд байгуулагдсан концертын танхим, сүм хийд, баар, хөл бөмбөгийн талбай зэргээс бүтсэн байгууламж нь дайнаас өмнө аялал жуулчлалын чухал төв байжээ. Бас давсны эрүүл мэндийн ач холбогдол өндөр тул жуулчдад эмчилгээ хүртэл үзүүлдэг байсан гэнэ.

Уурхайн хонгил 300 хүртэл метрийн гүнд байдаг ба 300 орчим километр урт үргэлжилдэг байна.

Соледарын давс цэврээрээ алдартай тул Вагнер Группийн хувьд санхүүгийн чухал ач холбогдолтой байж болзошгүй юм. Гэхдээ Оросын тал энэ мэдээллийг “Оросыг муухай харагдуулах” зорилготой гүтгэлэг гэж тайлбарлаж байна.

Exit mobile version