Нийгэм
Гашуунсухайт дахь гаалийн газрын албан тушаалтан хахууль авсан, өгсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 772 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна хэмээн тус газраас. мэдээллээ.
Шүүхэд шилжүүлэх саналтай хэргүүдийг дурдвал:
- “М” нь нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн;
- “Э” нь Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, бусад этгээдүүд бусдад хахууль өгсөн, авсан;
- “А” нь Булган аймгийн Бугат сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан;
- “Л” нь Булган аймагт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон;
- Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль авсан;
- “А” нь “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, мөнгө угаасан;
- Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “О” нь бусдаас хахууль авч, бусдад хууль бус давуу байдал бий болгосон;
- Нийтийн албан тушаалтан “Г” нь ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан;
- Дундговь аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлэх тендерт шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг шалгаруулсан;
- Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох албан тушаалтан “Э”, “У”, “Э”, “Ү” нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 559.1 сая төгрөгийн өр төлбөртэй аж ахуйн нэгжид давуу байдал үзүүлж тооцоо нийлсэн актыг хуурамчаар үйлдэж зээлийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн төсөвт их хохирол учруулсан;
- Экологийн цагдаагийн албаны албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон;
- Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан “О” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх 12 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.