Дэлхий

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинэ халдварын тоо буурч, нас барагсдын тоо нэмэгджээ

Нийтэлсэн

Covid-19 гэж албан ёсоор нэрлэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар сүүлийн мэдээллийг Хубэй мужийн эрх баригчид өнөөдөр өглөө танилцуулжээ.

Хубэй муж болон түүний төв Ухань хот энэхүү шинэ вирусийн тархалтын гол төв болоод байгаа юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус мужид 2,420 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 139 өвчтөн нэмж нас баржээ.

Өмнөх өдөр нь Хубэй муж даяар 116 хүн нас барж, 4,823 халдвар шинээр бүртгэгдэж байв.

Өнгөрсөн Пүрэв гарагаас эхлэн тус мужийн эрх баригчид халдварын тохиолдлыг бүртгэх аргаа өөрчилсөн юм. Өмнө нь зөвхөн коронавирусийн оношлуураар илэрсэн тохиолдлуудыг тоолдог байсан бол сүүлд эмнэлзүйн оношилгооны (компьютер томограф зэрэг) аргаар илэрсэн тохиолдлуудыг нэмж тоолдог болжээ.

Өнөөдөр зарласан шинэ халдварын тохиолдлуудын 1,282 нь зориулалтын оношлуураар, 1,138 нь бусад оношилгооны аргаар илэрсэн юм байна

Өнөөдрийн шинэ тоо баримтыг нэмж тооцвол дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын 66,894 тохиолдол бүртгэгдэж, 1,523 хүн нас барж, 7,820 өвчтөн бүрэн эдгэрчээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

Exit mobile version