Энтертайнмент

Афганчууд анхны спорт загварын автомашинаа зохион бүтээсэн тухай Талибаны албаны хүн мэдээлжээ

Нийтэлсэн

Ням гарагт Талибаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихуллах Мужахид цасан дээр эргэлдэж буй автомашины дүрс бичлэгийг твиттер хуудсандаа нийтлээд үүнийгээ Афганистанд зохион бүтээсэн анхны спорт загварын автомашин гэж мэдээлжээ.

Mada 9 нэртэй уг автомашиныг тус улсын Entop нэртэй компани болон Афганистаны Техникийн Их сургуулийн 30 орчим инженер, мэргэжилтнүүд сүүлийн таван жилийн турш хамтран ажиллаж бүтээсэн гэнэ.

Сонирхолтой нь дээрх их сургуулийн захирал Гулам Хайдар Шахамат орон нутгийн хэвлэлд ярихдаа шинэ автомашин нь хангалттай хүчтэй хөдөлгүүртэй гэсэн ч 2000 оны Тоёота Королла загварын хөдөлгүүрийг авч ашигласнаа тайлбарласан байна.

Цаашдаа цахилгаан хөдөлгүүртэй болгох нь гол зорилго бөгөөд хуучин Тоёотагийн хөдөлгүүрийг түр тавьж, ашигласан гэнэ.

Mada 9 загварын дизайнер Мохаммад Риза Ахмади шинэ бүтээлээ Афганистаны сэргэн мандалтын бэлгэдэл болно гэж найдаж байгаагаа ярьжээ.

2021 оны наймдугаар сард АНУ-ын цэрэг гарч, Талибаны дэглэм тогтсоноос хойш Афганистаны эдийн засаг эрс доройтоод байгаа.

Зарим байгууллагын тооцоолсноор Талибаны засаглалын нэг жилийн хугацаанд тус улсын эдийн засаг 20-30 хувиар агшжээ.

2021 оны аравдугаар сараас 2022 оны нэгдүгээр сарын хооронд Афганистанаас нэг сая гаруй хүн гадагшаа дүрвэсэн байна.

Зохион бүтээгчид нь Mada 9 загварыг Афганистан даяар олон нийтэд үзүүлж, шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ач холбогдлыг сурталчлах, цаашлаад олон улсын үзэсгэлэнд оролцуулах бодолтой байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version