Эдийн засаг
Аргачлалыг дахин батлах хүртэл мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрд олгох нь зүйтэй
Засгийн газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамруулах хүүхдүүдийг тодорхойлохдоо үндэслэл болгосон аргачлалаа холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү аргачлал нь тус мөнгөн тэтгэмжид хамрагдах эрхтэй буюу хамрагдаж болох хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлөх шийдвэрийг гаргах үндэслэл болж байгаа бөгөөд энэ утгаараа уг аргачлалыг Захиргааны ерөнхий хууль (“ЗЕХ”)-д заасан “захиргааны хэм хэмжээний акт” гэж үзнэ.
Харин, ийнхүү тус аргачлалыг захиргааны хэм хэмжээний акт гэж үзвэл тус актыг гаргахдаа Засгийн газраас заавал дагаж мөрдөх процессын журмууд үйлчлэх ёстой бөгөөд одоо байгаа нөхцөл байдлаас харвал Засгийн газар нь тус журмыг дагаж мөрдөөгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн байдлаар уг аргачлалыг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
ЗЕХ – ийн 11.1.3 – д зааснаар захиргааны үйл ажиллагааны 3 хэлбэрийн нэг нь “захиргааны хэм хэмжээний акт” юм.
Цаашилбал, ЗЕХ – ийн Зургаадугаар бүлэгт захиргааны хэм хэмжээний актын талаарх асуудлыг нарийвчлан зохицуулжээ. Тус хуулийн 59.1 – д зааснаар “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж тодорхойлсон.
Тухайн захиргааны хэм хэмжээний акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж буй буюу эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байвал үүнийг “гадагш чиглэсэн” гэж үздэг. Энэ шалгуураар авч үзвэл “хүүхдийн мөнгийг бодох аргачлал” гэх баримт бичиг нь ЗЕХ – д тодорхойлсон “захиргааны хэм хэмжээний акт” – ийн шинжтэй байна.
Ийнхүү аргачлал гаргаж, тус аргачлал дээр үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох үүргийг УИХ – аас Засгийн газарт даалгасан байна.
Тодруулбал, УИХ-аас 2022 оны арван нэгдүгээр сарын 11 – ний өдөр баталсан 71 дүгээр тогтоолоор “өрхийн амьжиргааны түвшнийг нарийвчлан тооцохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад санг ашиглан бүрдүүлэх” – ийг Засгийн газарт даалгажээ. Мөн, тус тогтоолын 1 дэх хэсэгт “өрхийн амьжиргааны түвшнийг харгалзан Монгол Улсын 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 91 хувьд хамрагдсан, хүсэлт гаргасан хүүхэд бүрд 100,000 (зуун мянга) төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгосугай” гэж заасан байна. Эдгээр үндэслэлээр Засгийн газраас өрхийн амьжиргааны түвшнийг нарийвчлан тооцож хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох ажлыг зохион байгуулах болжээ.
2023 оны нэгдүгээр сарын 17 – ны өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Үндэсний Статистикийн Хороо, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон төрийн 10 гаруй байгууллагатай хамтран өрхийн орлогыг тооцоолох аргачлалыг баталсан” гэдгийг дурдсан.
Мөн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “… хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа НДЕГ, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар, Авто тээврийн үндэсний төв, ҮСХ, УБЕГ, Татварын ерөнхий газар гэсэн төрийн 6 байгууллага нь мэдээллээ хоорондоо хангалттай солилцдоггүй, уялдаа муутай, мэдээллийн давхцал зэргээс хамаарч тус асуудал нь үзээд байна. Иймд эдгээр алдаа дутагдлаас үүдэж олон нийтийг бухимдуулсандаа Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүлцэл өчиж байна. …” гэж тайлбарласан.
Эндээс харвал, Засгийн газраас эсхүл түүний харьяа байгууллагуудаас хамтран “өрхийн орлогыг тооцох аргачлал” баталсан байх бөгөөд аль өрхийн хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэх асуудлыг тус аргачлалыг үндэслэн тооцон шийдвэрлэсэн гэж харагдаж байна.
Иймд, тус аргачлал нь дээр дурдсанчлан ЗЕХ-д заасан журмын дагуу гаргавал зохих захиргааны хэм хэмжээний акт мөн гэж үзэх нь бүрэн үндэслэлтэй.
Тус аргачлалыг захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх тохиолдолд ЗЕХ-ийн Зургаадугаар бүлэгт заасан шаардлагууд хамаарна. Тухайлбал, тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх (ЗЕХ 60.1.2), төслийг бэлтгэхдээ тухайн актыг гаргасны улмаас үүсэх нөлөөллийн шинжилгээг хийх, акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох (ЗЕХ 61.4, 61.4.3) зэрэг шаардлага тавигддаг.
Түүнчлэн, иргэдийг тус захиргааны хэм хэмжээний акттай танилцаж, санаа бодлоо илэрхийлэх боломжийг олгох, мөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй бүлгийн иргэдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй байна (ЗЕХ 62.1, 62.2, 62.3, 62.4).
Хуульд заасан эдгээр шаардлагын дагуу баталсан захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлэх бөгөөд тус яам нь актыг хүлээж аваад ЗЕХ – д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж шалган, шаардлага хангаж байгаа тохиолдолд “захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл” – д бүртгэж, нийтлэх үүрэгтэй. Эдгээр шаардлагад нийцээгүй бол ХЗДХЯ нь тус актыг бүртгэхээс татгалздаг зохицуулалттай байна.
Ийнхүү дээр тайлбарласны дагуу бүртгүүлж, нийтлүүлсний дараа л тус захиргааны хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр болох юм (ЗЕХ 67.1, 67.2). Харин, энэ процесс, шаардлагын дагуу бүртгүүлээгүй буюу нийтлээгүй захиргааны хэм хэмжээний акт нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд үүнийг биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд аливаа үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй (ЗЕХ 67.3).
ҮСХ-ны дарга болон ЗГХЭГ-ын дарга нарын дээр дурдсан мэдэгдлээр хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой өрхийн орлогыг тооцох аргачлал болон түүнийг хэрэгжүүлэх ажиллагаа нь алдаатай болохыг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн төдийгүй алдааг нь иргэд бид ч ил тод харж байна.
Тэгвэл, ЗЕХ – ийн 67.4 –д заасны дагуу хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан захиргааны байгууллага хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл, энэхүү аргачлалыг Засгийн газраас гаргасан гэвэл Засгийн газар буюу Ерөнхий сайд, эсхүл хамтран гаргасан гэх төрийн байгууллагуудын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой юм. Мөн, Засгийн газар нь хууль дээдлэх зарчмыг баримталж, тус аргачлалыг ЗЕХ – д заасан шаардлага, журмын дагуу дахин гаргах шаардлагатай бөгөөд хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчихгүйн тулд ийнхүү журам гаргах хүртэл бүх хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох нь зүйтэй.