CGTN мэдээ
Худал яриа үнэн болно гэж үгүй
“Тэд Хятадын вакцины талаар маш их ташаа мэдээлэл тараасан” гэж Йелийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Чен Шигийн хэлснээс иш татан Америкийн олон нийтийн радио (NPR) саяхан нийтлэл нийтэлж, Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн цуу яриаг шүүмжилжээ.
Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогоо шинэчилж байгааг дэлхий нийт сайшааж байна. Гэтэл Америкийн зарим улс төрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын вакциныг харлуулж, халдварт өвчинтэй тэмцэх Хятадын хүчин чармайлтыг үгүй хийж, өөрийн орныхоо эмийн компаниудад ашиг олгохыг оролдож байна.
Хятадын вакцин сайн эсэх нь шинжлэх ухаанаас шалтгаална. Өнөөгийн байдлаар Хятад улс нь КОДИД-ийн вакцины техникийн олон арга хэлбэр бүхий дэлхийн цорын ганц орон бөгөөд 4 төрлийн техникийг хамарсан КОВИД-ийн эсрэг 13 вакциныг ашиглаж байна. Тэдгээрийн дотроос Хятадын вакцинд нэвтрүүлсэн идэвхгүйжүүлэх технологи нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн боловсронгуй тогтвортой технологи юм. Шинжлэх ухааны судалгаа болон практикийн аль аль нь Хятадын вакцин халдвар авах, хүндээр өвчлөх, нас баралтаас урьдчилан сэргийлэх зэрэгт холбогдсон ДЭМБ-аас тогтоосон стандартад нийцэж байгааг нотолсон юм.
Хонконгийн их сургуулийн тархвар судлаач, профессор Гао Бен-ен болон түүний багийнхан 2022 оны эхээр Хонконгт КОВИД-19-ийн 20,000 орчим дээжийг шинжилж, Хятадын дотоодын идэвхгүйжүүлсэн вакцин нь АНУ-ын Pfizer болон Moderna компаниудын вакцинтай нэгэн адилаар 60-аас доош насны насанд хүрэгчдийг хүнд өвчлөлтөөс хамгаалахыг тогтоосон бол судалгааны үр дүнг 2022 оны 10-р сард “The Lancet-Infectious Diseases” сэтгүүлд нийтэлсэн юм. Мөн Хятадад үйлдвэрлэсэн идэвхгүйжүүлсэн вакциныг хоёр тунгаар хийлгэсний дараа хүнд өвчлөл, үхлээс урьдчилан сэргийлэх хамгаалалтын нөлөө 69.9%, нэмэлт вакцинжуулалтын гурав дахь тунг хийж дууссаны дараа хүнд өвчлөл, нас баралтаас сэргийлэх хамгаалалтын үр нөлөө 97.9% байгааг судалгаагаар нотолжээ.
Аюулгүй байдлын хувьд Хятадын вакциныг мөн практикт туршиж үзсэн. Одоогийн байдлаар Хятадын оршин суугчдын 92.9% нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаж, 60-аас дээш насныхны вакцинд хамрагдсан түвшин 90%-ийг даваад байна. Хятад улс мөн “COVAX төлөвлөгөө”-нд нэгдэж, 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад 2 тэрбум 200 сая гаруй тун вакцин нийлүүлсэн. Одоогоор дэлхийн хэмжээнд Хятадын вакциныг өргөнөөр хэрэглэж байгаа улс орнуудад вакцины аюулгүй байдлын ямар нэгэн асуудал гараагүй байна. Сербийн Ерөнхийлөгч Вучич “Манай улсын иргэд Хятадын вакцинд эргэлзэхгүй байна” гэж хэлсэн бол Бразилын ард түмэн “Хятадын вакцин биднийг хуяг мэт хамгаалж байгаад баярлалаа” гэж хэлсэн нь дэлхий нийтийн дуу хоолойг илэрхийлж байна.
Вакцин бол АНУ-ын зарим хүмүүсийн улс төрийн хэрэгсэл биш харин вирусийн эсрэг хүчирхэг зэвсэг юм. Вакцины сайн эсэх нь гарал үүслээс биш, сэргийлэлт хамгаалалтын үр нөлөөнөөс шалтгаална. АНУ-ын зарим хүмүүс шинжлэх ухааныг зөрчиж, бодит баримтыг үл тоомсорлосон худал яриаг давтан хэлэхийн оронд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өөрийн орныхоо бодит асуудалд анхаарлаа төвлөрүүлж, вакцин хандивлах амлалтаа аль болох хурдан биелүүлж, цар тахлын эсрэг ард түмэндээ болон дэлхий нийтийн тэмцэлд тодорхой зүйл хийх нь дээр байх…