Улс төр
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 59 гэрчийг дуудсан байна
Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордноо өнөөдөр /2023.01.19/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
ТОСК-оос зээл авсан ч эргүүлэн төлөөгүй, “Нью Яармаг Улаанбаатар” компанийн удирдлагууд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Тус компанийн захирал “Х.Баттулга энд ирж ярих хэрэгтэй. Би тэр хүний зөвлөх байсан. Бид ТОСК-оос мөнгө аваагүй. ХХБ-наас зээл авсан. Зээлийн гэрээнүүд бий. Уг нь анх Хөгжлийн банк ТОСК-той хамтран ажиллах гэрээ байгуулсан юм билээ. Би тэр гэрээг хараагүй. ТОСК-той хамтран ажиллах болсондоо би харамсаж байна. ТОСК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Засаг солигдонгуут дарга нь, бодлого нь солигддог. Ажил явуулахад маш хүнд. Манай данс руу мөнгөө шилжүүлсэн ч та энэ мөнгөнд гар хүрч, зарцуулж болохгүй гэсэн. Ийм зүйл байдаг юм уу? Энэ компанийг хэзээ байгуулсныг мэдэхгүй. Одоо энэ компанийг манай үеэл удирддаг” гэв.
Түүний өмгөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Татвар төлөгчдийн мөнгө яригдаж байгаа тул бид энэ сонсголыг хийж байна. Хэн нэгний гэм буруутай эсэхийг тогтоо нь бидний зорилго биш. Хяналтын сонсгол зохион байгуулах эрх өмнөх парламентад ч байсан.