CGTN мэдээ

Хятад жуулчдыг гадуурхсаны төлөө тэд өөрсдөө хохирох юм

Нийтэлсэн

Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх шинэ үе шатанд шилжсэний дараа гадаад дотоодын хүмүүс нааш цааш зорчих боломж нээгдэж байгааг олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна. Тухайлбал, Тайландын Шадар сайд зэрэг өндөр албан тушаалтнууд Бангкокийн олон улсын нисэх онгоцны буудалд Хятад жуулчдыг биечлэн угтан авч байгаа нь нийгмийн сүлжээнд шуугиан тарив. Гэвч үүний хажуугаар цөөн хэдэн улс шинжлэх ухаан, бодит баримт үндэслэлийг үл хамааран Хятадын жуулчдыг ялгаварлан гадуурхах хязгаарлалт тогтоож, тахал өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд саад тотгор учруулж байна. Бодит нөхцөл байдлын дагуу Хятадын тал хариу арга хэмжээ авах нь зөвхөн өөрийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах төдийгүй улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хэвийн байлгахад зайлшгүй шаардлагатай юм.

Хятадын жуулчдыг ялгаварлан гадуурхдаг цөөхөн орнууд гэвэл Америк, Япон, БНСУ зэрэг болно. Америк нэгдүгээр сарын 5-наас эхлэн Хятадын жуулчдын хилээр нэвтрэхийг хязгаарласан арга хэмжээ авсан бол Япон 1-р сарын 8-наас Хятадаас ирсэн зорчигчдод тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ шаардлага хэрэгжүүлэв. БНСУ 1-р сарын 2-31-ний хооронд Хятад иргэдэд богино хугацааны айлчлалын виз олгохоо зогсоож, Хятадаас хийгдэх нислэгээ нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө түр зогсооно гэж мэдэгдлээ.

Ер нь Япон, БНСУ нь Хятад улстай эдийн засгийн маш нягт харилцаатай ойрын хөршүүд болохоор Хятад улс хооронд хүмүүс нааш цааш зорчих хэвийн горимыг сэргээхийг эсэргүүцэх ямар ч үндэслэл, шалтаггүй орнууд байх ёстой. Гэсэн хэдий ч Америкийн Ази дахь гол холбоотон болохын хувьд Америкийн “Энэтхэг-Номхон далайн бүсийн стратеги” гэгчийг мөрдөн Америктай хамтран Хятадын жуулчдын эсрэг хязгаарлалт тогтоож байгаа нь санамсаргүй хэрэг биш байх. Тиймдээ тэдний амнаасаа өлгөж байгаа “шинжлэх ухааны дагуу тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “өөрийн орны иргэдээ хамгаалах” гэх мэт шалтаг нь яг юуны төлөө гэдгийг хүмүүс тодхон харж байгаа юм.

Ер нь Хятад жуулчид Япон, БНСУ болон бусад орнуудад очих нь хэр эрсдэл дагуулж байгаа вэ? Үүнийг тухайн орнуудын бодлого боловсруулагчид нь хэнээс ч сайн мэднэ. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 1-р сарын 12-ны өдрийг дуусталх долоо хоногт Хятадаас ирсэн зорчигчдын КОВИД-ийн ПСР-ийн шинжилгээний дүн нь эерэг гарсан хүний хувь хэмжээ нь 3%-хан байна. Ёнхап агентлагийн мэдээлснээр, 1-р сарын 5-наас эхлэн Хятадаас БНСУ-д богино хугацаагаар оршин суух иргэдийн онгоцны буудал дахь ПСР-ийн шинжилгээний дүн эерэг гарах нь тасралтгүй багасаж, 1-р сарын 9-нд 5.5% болж буурсан байна. БНСУ-ын хэвлэлүүд “Энэ нь Хятадад батлагдсан тохиолдлын тоо буурч байгаатай холбоотой” гэж мэдээлэв. Тус орны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх байгууллагын шинжилгээгээр Хятадаас БНСУ-д нэвтэрч байгаа батлагдсан тохиолдлуудаас илэрсэн вирус нь одоогоор АНУ-д ид тархаж буй XBB.1.5 омог биш байсаар байна.

Тиймээс Япон, БНСУ зэрэг орон энэ тахал өвчнөөс хатуу урьдчилан сэргийлэхийг үнэхээр хүсэж байгаа бол хамгийн гол анхаарч, сэргийлэх зүйл бол XBB омог юм. Одоогийн байдлаар Япон, БНСУ-д XBB.1.5 халдварын олон тохиолдол илэрсэн байна. Тэгэхэд тэд буруу “онилго” хийж, Хятадын жуулчдыг хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тавьсан. Энэ нь ялгаварлан гадуурхалт биш юм бол яг юу вэ? Үүнд улс төрийн хэр их хүчин зүйл нөлөөлж байна вэ? Тэгээд ч дэлхийн эдийн засаг хямралтай байгаа өнөө үед Хятад жуулчдыг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлах нь тус улсын аялал жуулчлал, бизнес зэрэгт хохирол учруулах нь гарцаагүй тул ямартай ч ухаалаг шийдвэр, алхам биш юм.

Exit mobile version