Энтертайнмент

Тамашёохо Э.Энхманлай жюүрёод дэвшинэ

Нийтэлсэн

Токиод өчигдөр (2023.01.22) мэргэжлийн сүмогийн Хацү башё өндөрлөлөө. Макүшитаг тэргүүлэн барилдсан манай бөх Тамашёохо сүүлийн өдөр жюүрёогийн Тэрүцүёошитой барилдан, хатакикоми мэхээр ялж, сэкитори буюу цолтой бөх болох болзлоо бүрэн биелүүлэв.

Тэрүцүёоши ялагдвал макүшитад унах, Тамашёохо давбал жюүрёод дэвших, хэн хэнд нь маш чухал барилдаан байлаа. Эхний тачиай дээр түрүүлж босон, засуул барилдааныг зогсоосон. Харин хоёр дахь тачиай дээр манай бөх бага зэрэг хоцорсон ч Тэрүцүёошиг доогуур шумбан орж ирэхэд нь зайлж, давсан юм.

Жүдогийн Эрдэнэбилэг багшийн хүү тэрээр 2011 оноос 11 жил барилдан, сэкитори болж, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадлаа.
Барилдааны дараа тэрээр “Үнэхээр баяртай байна. Доороос цүппаридан дайрах бодолтой байсан ч өрсөлдөгч маань маш доогуур орж ирсэн болохоор зайлахаас өөр арга байсангүй. Маш их удаж байж, жюүрёод дэвшлээ гэсэн бодол төрсөн. 50 хувийн амжилтаа хурдхан хийх гэж хичээсэн ч голд нь хоёр дараалан ялагдаад сандарч байсан. Ояката, Тамаваши сэки хоёроор их юм заалгасны ач тус. Тэдэндээ хурдхан баярт мэдээгээ хэлэх сэн гэж бодож байна” гэж ярьжээ.

Э.Энхманлай 29 настай. 11 жил барилдахдаа дэвжээ нь хаагдах, өөр дэвжээтэй нийлэх зэргээр таван дэвжээ, 6 оякатагийн нүүр үзэж, дөрвөн өөр нэрээр барилдсан. Сүүлийн үед дэвжээнийхээ маэгашира Тамавашигийн туслах хийж байв.

Exit mobile version