Дэлхий
Аавыгаа хулгайлагдахаас болгоомжилсон Илон Маск хамгаалалтыг нь чангатгажээ
Дэлхийн тэргүүн баячуудын нэгд тооцогддог технологийн салбарын бизнесмэн Илон Маск сүүлийн үед хувийн аюулгүй байдалдаа нэлээд анхаарал тавих болсон байна.
Лхагва гарагт тэр өөрийнх нь байгаа газар, аяллын төлөвлөгөөг нийтэд ил зарлах нь “аюулгүй байдлын асуудал” болж байгааг твиттер хуудсандаа анхааруулан бичсэн юм.
Өнгөрсөн оны тавдугаар сард Твиттер компанийг $44 тэрбумаар худалдаж авах санал тавьсных нь дараа зарим хүмүүс түүнд харуул хамгаалалтаа чангатгахыг зөвлөж байжээ.
Тэр үед Маск “Үнэн. Твиттерийг эзэмшсэнээр миний нас лав уртсахгүй байх” гэж хариу бичиж байв.
Маск ганц өөрийнхөө ч биш, гэр бүлийнхнийхээ аюулгүй байдалд санаа зовж эхэлжээ.
Тухайлбал тэр 76 настай аав Эррол Маскийн гэрийн харуул хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авсан тухай “The Sun” сэтгүүл өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.
Эррол Маскийн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс дахь гэрт гаднаас үл таних хүмүүс нэвтэрсэн хэрэг өнгөрсөн онд дөрвөн удаа гарч байжээ.
Үүний дараа Илон Маск аавынхаа гэрийг өндөр технологийн камераар тоноглож, гадуур нь цахилгаан гүйдэлтэй хашаа татаж, 24 цагийн харуултай болгосон гэнэ.
Эррол Маск хэдийгээр өөрөө өндөр харуул хамгаалалтын дор амьдрах болсон ч хүүгийнхээ аюулгүй байдалд илүү их санаа зовж байгаагаа “The Sun” сэтгүүлд ярьжээ.
Эх сурвалж: Business Insider