Дэлхий
Өмнөд Солонгост гэмт хэргийн сэжигтний сүүлийн үеийн гэрэл зургийг нийтэд ил болгох хуулийг хэлэлцэх гэж байна
Өмнөд Солонгосын эрх баригч намын парламентын гишүүн гэмт хэргийн сэжигтний сүүлийн үеийн гэрэл зургийг олон нийтэд ил зарладаг болгох хуулийн төсөл санаачилжээ.
Энэ нь тус улсын ард иргэдийн зүгээс гарах болсон санал шүүмжлэлтэй холбоотой юм байна.
Шинэ хуулийн дагуу ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн сүүлийн 30 хоногийн дотор авхуулсан гэрэл зургийг шаардлагатай тохиолдолд олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс ил болгож байх гэнэ.
Одоогийн хуулиар сэжигтний гэрэл зураг, нэр, нас зэрэг мэдээллийг нийтэд ил болгодог ч гэрэл зурагт хугацааны ямар нэг шаардлага тавигддаггүй байна. Энэ нь сэжигтний талаар бүрэн мэдээлэл авч, аюулгүй байдлаа хангахад саад болж буйг хүмүүс сүүлийн үед их шүүмжлэх болжээ.
Тухайлбал хуучин найз бүсгүйнхээ амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй таксины жолооч 31 настай И Ки Ёны жолооны үнэмлэхний цээж зургийг цагдаагийн газар өнгөрсөн сард нийтэд ил болгосон юм. Гэвч энэ зураг нь олон жилийн өмнө авхуулсан байсан тул одоогийнхоосоо нэлээд өөр харагдаж буй талаар иргэд гомдоллож байв.
“Шинэ хууль олон нийтэд гэмт хэргийн сэжигтний царай зүсийг тодорхой таниулснаар аюулгүй байдлаа хангахад нь туслах юм” гэж хуулийн төслийг санаачлагч Сон Ён Сог ярьжээ.
Эх сурвалж: Yonhap News