Дэлхий
Коран судрыг шатаасны хариуд Шведийг НАТО-д элсэхэд хориг тавихаа Туркийн ерөнхийлөгч мэдэгдэв
Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдөр Шведийн нийслэл Стокхольм хотод Исламын шашныг эсэргүүцэгчид болон Курд үндэсний цөөнхийг дэмжигчид жагсаал зохион байгуулахдаа Коран судрыг шатаасан юм.
Даваа гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ийм өдөөн хатгалгын хариуд Швед улсыг НАТО-д элсэхэд саад хийх бодолтой байгаагаа анхааруулжээ.
Тэрбээр Бямба гарагт болсон жагсаалыг муслим хүн бүрийг доромжилсон хэрэг гэж мэдэгдээд Туркийн элчин сайдын яамны гадна ийм арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн Шведийн эрх баригчдыг буруутгасан байна.
“Манай ЭСЯ-ны өмнө ийм бусармаг үйлдэл гаргахыг зөвшөөрсөн хүмүүс НАТО-д элсэхдээ биднээс ямар ч дэмжлэг хүлээхгүй нь ойлгомжтой” гэж Эрдоган хэлжээ.
Украины дайнаас үүдэлтэйгээр Швед, Финланд улсууд олон жил сахиж ирсэн төвийг сахих гадаад бодлогоосоо татгалзаж, НАТО-д гишүүнээр элсэхээр болоод байгаа билээ.
Гишүүнээр элсэхэд нь НАТО-гийн одоогийн гишүүн орнуудын бүрэн дэмжлэг хэрэгтэй. Турк улс бол НАТО-гийн нөлөө бүхий гишүүн орон юм.
Туркийн эрх баригчдын террорист байгууллага гэж албан ёсоор үздэг Курдийн салан тусгаарлагч байгууллагын олон идэвхтэн Швед улсад орогнодог.
Швед улс анх НАТО-д элсэх өргөдлөө гаргах үед Турк улс Курдийн асуудлаар ойлголцож чадахгүй бол гишүүнээр элсэхэд нь дэмжихгүйгээ Стокхольмын эрх баригчдад анхааруулж байв.
“Хэрвээ террорист байгууллагад гудамж талбайдаа үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгаа бол НАТО-д элсэхдээ биднээс тусламж хүлээх тухай саналтгүй. Тийм зүйл байхгүй” гэж Эрдоган өчигдөр хэлсэн юм.
Шведийн эрх баригчид Бямба гарагт болсон эсэргүүцлийн жагсаалыг хэсэг бүлэг хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн үйлдэл гэж тайлбарлаж байгаа.
Гэхдээ Коран судрыг шатаасан үйлдэл нь бусдын шашин шүтлэгийг хүндлээгүй хэрэг гэж буруутгаад Шведийн засгийн газрын байр суурьтай хамаагүйг мэдэгджээ.
Кораныг шатаасан Расмус Палудан гэгч нь Дани, Шведийн давхар иргэний харьяалалтай, исламын шашны эсрэг үзэлтэн юм байна.
Тэрбээр өөрийн харьяалагддаг хоёр улсад хэт барууны үзэлтэй улс төрийн намуудыг байгуулж, цагаачлалын бодлогын эсрэг тэмцдэг ч олон нийтээс төдийлөн дэмжлэг авахгүй байгаа.
Өнгөрсөн онд Шведэд болсон парламентын сонгуулиар түүний нам ердөө 156 санал авч байжээ.
Палуданы үйлдлийг эсэргүүцсэн цуглаан амралтын өдөр Турк улсад болоход оролцогчид нь Швед улсын далбааг шатааж байжээ.
Эх сурвалж: Associated Press