Дэлхий
Орос, Эстони улсууд элчин сайд нараа харилцан хөөв
Даваа гарагт Орос, Эстони улсууд Украины хямралтай холбоотой маргааны улмаас тус тусын элчин сайд нараа харилцан хөөх шийдвэр гаргажээ.
Хөрш Эстони улстай эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулж, Латви улс ОХУ-тай дипломат харилцааны зэрэглэлээ хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн бууруулах шийдвэрээ зарласан байна.
Энэ бол Украинд дайн эхэлсний нэг жилийн ойн өдөр юм.
Өчигдөр эхлээд ОХУ-ын гадаад хэргийн яам Москвад суугаа Эстонийн элчин сайд Маргус Лайдрег хоёрдугаар сарын 7-ны дотор нутаг дэвсгэрээсээ гарч явахыг шаарджээ.
Энэ бол Украинд дайн эхэлсэн цагаас хойш Европын Холбооны гишүүн орны элчин сайдыг Оросоос хөөсөн анхны тохиолдол юм.
Эстонийн дипломат төлөөлөгчийн газрын зэрэглэлийг бууруулж, элчин сайдыг нь хэрэг түр хамаарагч гэж үзэх болсноо ОХУ-ын гадаад хэргийн яам бас мэдэгдсэн байна.
“Эстонийн эрх баригчид Оростой харилцах бүх талын харилцаагаа санаатай муутгаж байна” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд буруутгажээ. Өмнө нь Эстонийн засгийн газар тус улс дахь Оросын элчин сайдын яамны ажилтнуудын тоог эрс бууруулах шийдвэр гаргасны хариуд ийм арга хэмжээ авч байгаа юм.
Хариуд нь өчигдөр Эстонийн гадаад хэргийн яам бас ОХУ-ын элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргажээ.
Эстони улс нь дайн эхэлсэн цагаас хойш Украины талд тууштай зогсож байгаа. Хамгийн сүүлд тус улсын эрх баригчид Украинд орчин үеийн танкууд илгээхийг холбоотон орнуудад уриалсан юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард тус улсын парламент ОХУ-ын засгийн газрыг “террорист дэглэм” гэж албан ёсоор нэрлэх тогтоол баталж байв.
Үүнээс өмнө буюу дөрөвдүгээр сард ОХУ-ын эрх баригчид Санкт-Петербург хот дахь Эстонийн консулын газрыг хаах шийдвэр гаргаж байжээ.
Эх сурвалж: Aljazeera