Улс төр
УИХ-ын гишүүн Д.Батлутыг Ажлын хэсгийн ахлагчаар томилжээ
УИХ-ын гишүүн Д.Батлутыг Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай зэрэг хуулийн төслийг нэгтгэх, хэлэлцүүлэг үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар томилжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батлут өөрийн цахим хуудаснаа “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах” зорилготой Ажлын хэсэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хэдэн хувь нь төрд, хэдэн хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд, хэдэн хувь нь иргэдэд байх эсэх дээр дорвитой шийдвэрт хүрнэ. Мөн нэг иргэн, аж ахуйн нэгжийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьцаанаас худалдан авах хувийг монополь эрх бий болгохгүй үүднээс нарийн зааж өгөхөд анхаарах юм. Энэ асуудлаар УИХ-ын олон гишүүн өөрийн байр сууриа илэрхийлж байгаа тул шийдэлд хүрнэ гэж итгэж байна.
Жишээ нь: “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 18.5 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшиж буй. Үүн дээр 2012 оны 4-р сарын 10-наас хойш төрсөн 1 сая орчим хүнд нэмж 8.5 хувийг нь эзэмшүүлэх асуудал яригдаж байна. Ингэж үзвэл тус компанийн 27 хувийг нийт иргэддээ олгоно гэсэн үг. Иргэд баялгийнхаа эзэн болох боломж нь бий болж, тус компанийн засаглал олон нийтийн хяналтад шилжихэд 27 хувь хангалтгүй юм. Иймд 27 хувийг нэмэгдүүлж 34-өөс доошгүй хувийг нийт иргэддээ олгох санал маань УИХ-ын Байнгын хороогоор дэмжигдсэн. Манай ажлын хэсэг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг нийт иргэддээ олгох асуудалд ахиц гаргана гэсэн хүлээлт бий.
Ажлын хэсгийн ахлагчийн хувьд төрийн өмчит аж ахуйн нэгжүүд аль болох олноороо иргэдийн хяналтад очих хэрэгтэй гэсэн байр суурь баримталж байна” хэмээн бичжээ.