Энтертайнмент

Ёкозүна Тэрүнофүжиг Хаврын тэмцээнд барилдахгүй байсан ч болно гэв

Нийтэлсэн

Японы сүмо бөхийн холбооны ёкозүнагийн асуудал эрхэлсэн Ёкозүнагийн зөвлөл башё болгоны дараа хуралддаг уламжлалтай. Өчигдөр Кокүгикан ордонд болсон ээлжит хуралдаанаар Холбооны тэргүүн Хаккакү оякатагийн гурван башё дараалан өнжөөд байгаа ёкозүна Тэрүнофүжигийн талаарх мэдээллийг сонслоо.

Зөвлөлийн тэргүүн Комүра Масахико “Тэрүнофүжи мавашитай үндсэн дасгалуудаа хийж, дараагийн башёд зодоглохоор бэлтгэлдээ орсон гэж холбооны тэргүүн мэдээлсэн. Миний хувьд түүнийг боломж байвал заавал Хаврын тэмцээнд барилдаасай гэж хүсэж байгаа ч Ёкозүнагийн зөвлөлөөс энэ удаад ямар нэг тусгай мэдээлэл хийхгүй. Аль болох хурдан барилдаж эхэлбэл сайн ч гэмтлээ бүрэн эдгээгээд гарч ирэх хэрэгтэй. Хоёрын хооронд байдалтай барилдах шаардлага байхгүй. Маш хүнд хагалгаанд орсон хүн шүү дээ. Хаврын тэмцээнд заавал барилд гэж хэлж болохгүй” гэж мэдэгдлээ.

Комүра Масахико Зөвлөлийн тэргүүний албаа өгч байгаа бөгөөд энэ хурал түүний хувьд сүүлийнх нь хурал байлаа. Тэрээр “Ёкозүнагийн зөвлөлд алба хашиж байх үед минь хоёр ёкозүна төрөн гарсан нь сайхан дурсамж болон үлдэнэ. Дурсамж дүүрэн арван жил байлаа. Сүүлийн үед сүмо бөх маш сонирхолтой болсон. Бөхчүүдийн ур чадвар нэмэгдэж, өрсөлдөөн ихэслээ. Бүгд хичээн зүтгэж байгаа болохоор хэн нэг нь тасран гарахад хэцүү байгаа ч ийм үед жинхэнэ аварга төрдөг жамтай. Дараагийн ёкозүна хурдхан гараасай гэж хүсэж байна” гэж ярьжээ.

Exit mobile version