Эдийн засаг

Сангийн сайд сангийн авдраа дундалсангүй

Нийтэлсэн

Өнгөрөгч 2022 он цар тахлын болон олон улсын геополитикийн хямрал хүндрэлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулахад чиглэсэн жил байсан гэхэд болно. Цар тахлын үеийн болон дараах нийгэм, эдийн засгийн хүндрэлийн энэ үед нэг л алхам буруу хийвэл засаж залруулахад маш хэцүү цаг үед амьдарч ирсэн, өдгөө ч амьдарч байна.

Ийм цаг үед Засгийн газар, тэр тусмаа Сангийн яам зөв бодлоготой, төсөв санхүүгийн хувьд хариуцлагтай ажиллаж ирсэн нь цаг үеийг хүндрэл багатай туулж ирэхэд нөлөөллөө гэсэн байр суурийг эдийн засагчид болон шинжээчид өгч буй. Эдийн засаг тэлэх боломжгүй үед “Чингис” бондын өрийг төлөхийн зэрэгцээ 4.6 хувиар агшсан эдийн засгийг дөрвөн хувиар сэргээж, цар тахлын оргил үед 14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарсныг амжилт гэхээс өөр яахав. Мөн Монгол Улсын экспортын орлого анх удаа 11 тэрбум ам.доллар болж экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрч, валютын нөөц өнгөрөгч оны гуравдугаар сарын байдлаар 2.8 тэрбум болж буураад байсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам долларт хүрсэн. Тиймээс валютын ханш тогтворжиж эхэлсэн мэдээлэл ч шинэ оны босго давсан.

Үүнээс гадна Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарлаж, хариуцлагаа тооцох, шахах замаар эргэн төлөлт хийлгүүлж, тэр нь нэг их наяд төгрөг давсан. Тиймдээ ч Сангийн яам, салбарын сайдын хувьд 2023 оныг эдийн засгийн өсөлтийн жил байх болно хэмээн үзэж, энэ төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Эдийн засгаа өсгөхийн тулд олон талт ажиллагааг өрнүүлж таарна.

Бидний мэдэж байгаагаар “Шинэ сэргэлтийн бодлого”-оо хэрэгжүүлж, эрчимжүүлэхийн тулд хилийн боомтууд бүрэн нээгдэх, энэ оны эхний улиралд нээгдэх ёстой Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулах, үүгээр дамжуулан олон улсын хөрөнгө оруулалтыг сэргээх, Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Эрдэнэбүрэн, Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, Амгалангийн дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хураагуурыг бүрэн ашиглалтад оруулах зэрэг ажлууд шил даран угтсан. Том бодлого, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтаа дагаад гадна дотны зээл тусламж хэрэгтэй болох ч дагаад эдийн засаг тэлдэг сайн талтай. Гагцхүү ашигтай, эргэн төлөгдөх өндөр нөхцөлтэй бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь чухал байх. Түүнээс бус урьд өмнөх ашиг тусаар бага учраас царцаасан бүтээн байгуулалтуудад гадна дотны хөрөнгө татах нь эрсдэлтэй гэдгийг ч тооцжээ.

Мөн нэг асуудал байгаа нь эдийн засгийг сэргээх, бүтээн байгуулах тухай муйхраар зүтгэж болохгүй гэдгээ ч тооцсон аж. Үүний тулд хууль эрх зүйн шинэчлэлт, нэмэлт өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, “Аялал жуулчлалын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль”, “Төсвийн тухай хууль” болон төрөөс баримтлах зарим бодлогын баримт бичгийг ч цаг үеийн нөхцөл байдал тохируулан харах шаардлага байгааг үгүйсгэхгүй. Ямартай ч Сангийн яам сангийн авдраа дундалсангүй, хүнд хэцүү цагийг давж гарлаа.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version