Нийгэм
Цэргүүдийг барилга дээр ажиллуулсан дарга нарын хэрэг шүүхэд шилжлээ
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, алба хаагчдыг барилгын ажилд хууль бусаар дайчилсан цэргийн ангийн дарга нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Мото буудлагын ротын захирагчаар ажиллаж байсан Б.Б, Артиллерийн батарейны ахлах ахлагч Д.Б, Холбооны зангилгааны радио холбооны тасгийн Р-140 станцын хоёрдугаар тоотын станцын дарга, ахлах ахлагч Б.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус ангийн цэргийн албан хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй нууцаар гаргаж, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд баригдаж буй 15 давхар барилга дээр ажиллуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.