Энтертайнмент
“Everything Everywhere All at Once” кино Оскарын шагналын хамгийн олон төрөлд нэр дэвшлээ
Мягмар гарагт Америкийн Кино Урлагийн Академи 2023 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа.
Шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл болох “Everything Everywhere All at Once” кино энэ удаагийн наадамд хамгийн олон буюу 11 шагналын төрөлд нэр дэвшсэн байна.
Энэхүү бүтээлд татварын шалгалтад хамрагдаж байсан Хятад гаралтай Америк гэр бүл хүчирхэг хорон санаатантай хийх олон хэмжээст ертөнцийн тулаанд татагдан орж буйг дүрсэлдэг.
Өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн уг бүтээлийн дэлхийн зах зээлээс олсон орлого $100 саяыг даваад байгаа.
“Everything Everywhere All at Once” киноны дараа дайны сэдэвтэй Германы “All Quiet on the Western Front”, эмгэнэлт инээдмийн сэдэвтэй Ирландын “The Banshees of Inisherin” бүтээлүүд тус бүр есөн шагналын төрөлд нэр дэвшжээ.
Цар тахлын дараах кинотеатрын бизнесийн сэргэлтэд чухал нөлөө үзүүлсэн “Top Gun: Maverick”, “Avatar: The Way of Water” хит бүтээлүүд бас оны шилдэг киноны шагналд нэр дэвшицгээсэн байна.
Энэ төрөлд бас рокн роллын хааны намтар “Elvis”, Стивен Спилбэргийн “The Fabelmans”, Кэйт Бланшетын “Tár”, Каннын наадмын шагналт “Triangle of Sadness”, уран зохиолыг дэлгэцийн бүтээлд хувиргасан “Women Talking” кинонуудыг нэр дэвшүүлжээ.
“Everything Everywhere All at Once” киноны гол дүрийг бүтээсэн Мишель Иео энэ наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн анхны Ази гаралтай уран бүтээлч болсон байна.
Тэрбээр Оскарын хоёр удаагийн шагналт Кэйт Бланшеттай энэ төрөлд өрсөлдөх юм.
2023 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийн бүрэн жагсаалттай энд танилцах боломжтой.
95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т зохион байгуулагдана.