Дэлхий
Google компани томоохон цомхотголын хүрээнд 31 массажистаа халжээ
Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын технологийн аварга компани Google 12,000 ажлын байраа цомхотгох шийдвэрийг зарласан юм.
Тэдгээрийн 31 нь массажист байсныг Калифорни мужийн засаг захиргаанд гаргаж өгсөн жагсаалтаас ил болжээ.
Google-ийн Цахиурын хөндий дэх төв байрнаас 27, Лос-Анжелесын оффисоос 2, Сан-Бруно, Ирвайн дахь салбаруудаас тус бүр нэг массажист цомхотголд хамрагдсан байна.
Ингэснээр Google-ийн ажилтнуудад ажлын гүйцэтгэлээс нь хамааран үнэ төлбөргүй үзүүлдэг байсан массаж, иллэгийн үйлчилгээ хаагдаж байгаа ажээ.
Ийм өргөн хүрээнд цомхотгол явуулах болсны хариуцлагыг бүрэн үүрэхээ Google-ийн толгой Alphabet компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай ажилтнуудад илгээсэн захидалдаа бичсэн байв.
“Энэхүү өөрчлөлт нь Google-ийн ажилтнуудын аж амьдралд нөлөөлөх тул надад маш их дарамт учруулж байгаа. Гэсэн ч ийм шийдвэр гаргах болсон эцсийн хариуцлагыг би өөрөө бүрэн үүрэх болно” гэж тэр захидалдаа бичжээ.
Google бол ажилтнууддаа олон төрлийн хангамж эдлүүлдгээрээ алдартай компани юм.
Гэвч эдийн засгийн хүндрэлийн улмаас сүүлийн саруудад хангамжтай холбоотой зардлуудаа танах болсон байна.
Тухайлбал бизнесийн чухал хэрэгцээтэйгээс бусад бүх томилолтын зардлыг хасаж, олон нийтийн арга хэмжээнд оролцох, ажлын уулзалт, арга хэмжээнүүдийг ажлын байрнаас өөр газарт зохион байгуулахтай холбоотой зардлуудыг цуцалжээ.
Технологийн компаниудаас Google ганцаараа ийм арга хэмжээ аваагүй юм.
Өнгөрсөн оны сүүлээр олон мянган ажлын байраа цомхотгосон Meta компани ажилтнуудынхаа эрүүл мэндийн зардалд олгодог тэтгэмжийг $1,000-аар бууруулж, ажлын байран дахь хувцас угаалга цэвэрлэгээний үнэ төлбөргүй үйлчилгээг зогсоосон байна.
Бас сар бүр ажилтнууддаа таксины хөнгөлөлт $200-ыг олгодог байснаа зогсоожээ.
Илон Маскийн эзэмшилд очсон Твиттер компани бас олон мянган ажлын байраа цомхотгож, ажилтнуудынхаа гэрийн интернэтийн зардлыг төлөхөө зогсоож, хүний нөөцийн сургалт хөгжүүлэлтийн олон хөтөлбөрөө хаажээ.
Эх сурвалж: Business Insider