Нийгэм
Уханиас ирсэн оюутнууд харихдаа ХӨСҮТ-д цонхны агаар шүүгч, эмч ажилтнууддаа дурсгалын зүйл гардууллаа
Ухань хотоос ирсэн оюутнуудыг тусгаарлах 14 хоногийн хугацаа гүйцсэн тул өнөөдөр үзлэг хийж, зөвлөмж өгөөд ХӨСҮТ-ийн тусгаарлалтаас гаргалаа.
Оюутнуудад өгсөн зөвлөмжид:
- 14 хоног гэрээс гарахгүй, олон нийтийн газраар явахгүй
- Өдөр тутам биеийн байдлыг хянаж, тэмдэглэнэ
- Амны хаалтыг тогтмол зүүж, гараа сайн савандаж угаана
- Гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийнэ
- Гар утсаа спиртэн суурьтай ариутгалыг бодисоор арчина
- Гар утас, таблет олон цагаар хэрэглэхгүй
- Илчлэг сайтай хоол хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэнэ
- ЭМЯ-ны тогтмол хийж буй мэдээллийг үзэж, бодит мэдээлэл авч байх зэрэг зөвлөмж өгсөн байна.
Оюутнууд эмнэлгээс гарахдаа ХӨСҮТ-ийн удирдлага, хамт олонд Талархлын бичиг, эмнэлгийн цонх бүхэнд агаар шүүгч суулгах нэг сая төгрөгийн эрхийн бичиг, тусламж үйлчилгээ үзүүлсэн багийн эмч, ажилтнууддаа дурсгалын зүйл өгч талархсан сэтгэлээ илэрхийлжээ.
Талархлын бичигт “Дэлхий дахинд аюул занал учруулж буй титэм вирусийн тархалтын хүнд хэцүү энэ цаг үед элэг нэгт монголчууд, эх орныхоо эрүүл мэндийн манаанд зогсож, урьдчилан сэргийлэх бүх төрлийн арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж буйд бид талархал илэрхийлж байна. Ухань хотоос ирсэн биднийг тусгаарлах 14 хоногийн хугацаанд өөрсдийн үр хүүхдийн адил санаа тавьж, шаардлагатай шинжилгээ, холбогдох эмчилгээг үр дүнтэй хийж өгсөнд баярласан сэтгэлээ илэрхийлэн энэхүү Талархлын бичгийг дурсгав. Эмч, эмнэлгийн ажилтан Та бүхий яруу алдар, сүр хүч, билэг оюун, сүлд хийморь үүрдийн үүрд мандан бадрах болтугай. Ухань хотоос ирсэн оюутнууд” гэжээ.
Тэдэнд тусламж үзүүлж байсан эмч, ажилтнууд “ХӨСҮТ-д байх энэ 14 хоногийн хугацаанд нэг ч удаа чанга дуу чимээ гаргаж, инээж шуугилдаагүй. Бүгд магистрант, докторантууд. Ямар мундаг хүмүүжилтэй хүүхдүүд вэ гэж бодож байсан. Та нарт мөн баярлалаа” гэж сэтгэлийн үгээ хэлэв.