Улс төр

Д.Амарбаясгалан: Үндсэн хууль бичих захиалгыг Засгийн газар, эрх баригчдаас өгөөгүй

Нийтэлсэн

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан лхагва гаригт (2023.01.25) шинэ Үндсэн хуулийн төслийн асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр, “Өчигдрөөс Монгол Улсын Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулаад бэлэн болчихлоо гэх мэдээлэл цацагдаад байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуулга яригдах бүрд шинээр хийх ёстой гэсэн байр суурийг олон түвшинд илэрхийлдэг.

Хоёр танхимтай парламенттай болох ёстой гэсэн асуудал нэлээдгүй ярьцгаадаг. Санаачилгууд хэр зэрэг гарч байсан бэ гэдгийг тодруулаад үзэхэд өнгөрсөн хугацаанд 10 гаруй төрлийг бичсэн тохиолдол байдаг юм байна. Шинээр Үндсэн хууль батлагдах гэж байгаа мэт ойлгох нь өрөөсгөл. Үндсэн хууль бичих захиалгыг Засгийн газар, эрх баригчдаас өгөөгүй. Шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг нөхцөл өнөөдөр ихээхэн эргэлзээтэй. Богино хугацаанд хийх зүйл огт биш. Шинээр бичих шаардлагатай гэж үзвэл дор хаяж 2-3 жил шаардлагатай. Энэ утгаараа өнгөрсөн 2022 оны тавдугаар сард Үндсэн хуульдаа тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох гэсэн байр суурь илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Саяхан иргэдийн чуулган Төрийн ордонд болсон. Иргэдийн төлөөлөл, Ардын их хурлын депататууд оролцсон тэр чуулганд Ерөнхий сайд өөрийн байр сууриа илэр­хийлсэн. Шинэчилсэн найруулга хийгээч ээ гэдэг шаардлагыг тавьж байсан. Шинэ Үндсэн хууль батлахаар болбол ард нийтийн санал асуулга явуулах зарчим нь байгаа. Хэрэв ард иргэд дэмжвэл, санал нэгдвэл эрх баригчид татгалзаад суугаад байх боломжгүй шүү дээ. Дангаараа батлаад явах боломжгүй” гэсэн юм. Мэдээллийнхээ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Ард түмний санал асуулгаар шинэ Үндсэн хуулийг дэмжвэл МАН дэмжинэ гэж ойлгох уу?

-Шинэ Үндсэн хуулийн аливаа хэлбэр яригдсан тохиолдолд Ард нийтийн санал асуулгыг явуулсны үндсэн дээр шийднэ гээд тодорхой заачихсан. Тэгээгүй тохиолдолд аль нэг нам, Засгийн газар, нэг нам давамгайлсан парламент шинэ Үндсэн хуулийг батлаад явна гэж байж болохгүй.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга шинэ Үндсэн хууль хийх ёстой гэдэг санал асуулгыг асуулгад оруулахыг завдсан гэдгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн мэдэгдэж байсан удаатай. Энэ нь олон нийтэд эрх баригчдын санаачилга гэх ойлголтыг өгөөд байгаа юм?

-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ асуудал яригдсан талаар товч мэдээлэл авсан. ТББ, зөвлөлдөх зөвлөлийн гишүүд, Төрийн ордонд чуулганд суусан иргэдийн саналуудыг үндэслэн оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Нэг нам, нэг Засгийн газар Шинэ Үндсэн хууль санаачлаад баталчихдаг юм биш гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ардчилсан орны иргэд ийм санаачилга гаргаж болно. Өөрсдийн санаа бодлоо цаасан дээр буулгаж, Шинэ Үндсэн хуулийн хэлбэрт оруулан бусдаас санал авч буй хэлбэрийг Шинээр Үндсэн хууль батлагдах гэж байгаа мэтээр ойлгох нь өрөөсгөл.

-Ерөнхий сайдын зөвлөмжөөр байгуулсан ажлын хэсгийн ахлагч нь Н.Энхбаяр. Ерөнхий сайдын өгсөн зөвлөмжийн дагуу Шинэ Үндсэн хууль боловсруулчихлаа гэх утга бүхий бичиг гараад ирлээ. Өчигдөр автораас нь Шинэ Үндсэн хууль гэдэг бичгээ эцсийн байдлаар аваад хая­чихсан, УИХ-ын даргад асуудал нь очоод гацсан гэхчлэн маш олон эргэлзээтэй асуудлууд гарч ирж байна. Та бүхэн ард нь байгаа юм биз дээ. Тодорхой хариулт өгөөч?

-Ард нь байхгүй. Шинэ Үндсэн хууль бичих захиалгыг эрх баригчид болон Засгийн газрын зүгээс өгөөгүй. Харин “улстөрийн намуудыг, Үндсэн хууль судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж өгөөч. Бэлэн бичигдчихсэн 4-5 Үндсэн хуулийг нэмээд төр засагтаа танилцуулъя” гэдэг саналын үнд­сэн дээр Ерөнхий сайдын захирамж гарсан. Түүнээс биш нэг нам, Засгийн газар захиалаад батал­даг Үндсэн хууль гэж байхгүй.

-Ерөнхий сайдын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тал дээр улс төрийн намуудтай зөвшилцөл хийнэ гэдгээ хэлсэн?

-Ерөнхий сайд маш тодорхой хэлсэн. Өнөөгийн Үндсэн хууль болж байна, үүнийхээ хэрэгжилтийг хангаад органик хуулиудаа сайжруулах замаар урагшлах боломжтой гэж үзвэл бид түүгээр нь явна. Нэмэлт, өөрчлөлт хийгээд тулгамдаж байгаа асуудлаа шийдэж чадна гэвэл ч дэмжээд явахад бэлэн. Шинэ Үндсэн хуулийг ард түмэн дэмжвэл эрх баригчид татгалзах эрх байхгүй гэдгээ хэлсэн.

-Шинэ Үндсэн хуулийн төсөл гээд байгаа зүйл яагаад Монгол Улсад байгаа Элчин сайдын яамдуудад хүргэгдсэн юм бэ?

-Засгийн газраас ямар нэгэн байдлаар хүссэн, зөвлөсөн, зөвшөөрсөн зүйл байхгүй. Харин яагаад гаднын улсуудын Элчин сайдын яамдуудад хүргэснийг би ч асуумаар байна. Ер нь бол Үндсэн хуультай холбоотой асууд­лыг ард түмэн өөрсдөө нэн тэргүүнд авч хэлэлцдэг байх ёстой.

-Энэ асуудлыг ЗГХЭГ мэдээгүй байгаа нь хэр зүй зохистой юм бэ?

-Монгол Улсад 36 улс төрийн нам бий. Эдгээр намуудын өдөр тут­мын үйл ажиллагааг хянаад сууж байх гэдэг байж боломжгүй зүйл.

-Нэмэлт, өөрчлөлтийг яг хэзээ өргөн барих вэ?

-Эрх баригчдын зүгээс яг ингэж явмаар байна гэсэн бодлого, хүслийн үүднээс аливаа асуудалд хандахгүйг хичээж байна. Зөвлөлдөх санал асуулгын дүн яаж гарах вэ, олон нийтийн санаа бодол ямар байгаа вэ гэдгийг харгалзан үзэж, бусад улс төрийн намууддаа боломж олгож, парламентын төлөөлөх чадварыг дээшлүүлэхийн тулд л ажиллах ёстой гэж ойлгож байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version