Дэлхий

Дэлхийн хамгийн баян хүний удирддаг компанийн орлого, ашиг өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Нийтэлсэн

Дэлхийн тансаг эдлэлийн хамгийн том компани гэгддэг Францын LVMH группийн өнгөрсөн оны орлого, ашиг түүхэн дээд хэмжээндээ хүрснийг өчигдөр зарлажээ.

Үүнд Европ, АНУ, Японы зах зээлийн өндөр эрэлт голлон нөлөөлсөн байна.

Louis Vuitton, Bulgari, Givenchy, TAG Heuer зэрэг томоохон брэндүүдийг эзэмшдэг тус группийн орлого 2022 онд 23 хувиар өсөж, 79 тэрбум евро, цэвэр ашиг 17 хувиар өсөж, 14 тэрбум евро хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлтүүд ажээ.

“Дотоод зах зээлийн эрэлт, олон улсын аялал жуулчлалын сэргэлттэй холбоотойгоор Европ, АНУ, Японы зах зээлийн борлуулалт огцом өссөн байна. Хятад дахь эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбоотойгоор Азийн зах зээлийн эрэлт тогтвортой хэмжээнд байлаа. Хэдийгээр геополитик, эдийн засгийн орчин тодорхойгүй байгаа ч энэ оны эхний сарын төлөв байдал сайн байна. 2022 оны өсөлт цаашид үргэлжилнэ гэдэгт LVMH итгэлтэй байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

LVMH группийг удирддаг 73 настай тэрбумтан Бернар Арно өнгөрсөн оны сүүлийн хагаст дэлхийн хамгийн баян хүний титмийг Америкийн бизнесмэн Илон Маскаас шилжүүлж авсан юм.

Бэлэн хувцас, үнэт эдлэл, гар цүнх, оргилуун дарс зэрэг тансаг ангиллын бүтээгдэхүүний брэндүүдийг эзэмшдэг LVMH одоо Европ тивийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид тооцогддог.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар зах зээлийн үнэлгээ нь 400 тэрбум евро хүрсэн байна.

Өнгөрсөн оны үр ашгаас LVMH нэгж хувьцаа тутамд 12 еврогийн ноогдол ашиг тараахаар болжээ. Энэ нь жилийн өмнө 10 евро байсан юм.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version