Энтертайнмент

Хүмүүс мичнүүдийн дохио зангааны ихэнхийг ойлгодог болохыг шинэ судалгаа харуулжээ

Нийтэлсэн

Хүн дүрст мичнүүд өдөр тутмын амьдралдаа нийт 80 гаруй дохио зангааг ашиглан хоорондоо харилцдаг болохыг Мягмар гарагт PLOS Biology сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгааны тайланд өгүүлжээ.

Үүнээс гадна орчин үеийн хүмүүс эдгээр дохио зангааны ихэнх хэсгийг ойлгодог болох нь уг судалгаагаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл хүмүүс эртний өвөг дээдсээсээ мичнүүдийн дохио зангааг ойлгох чадварыг өвлөж үлджээ.

Мичнүүд “маажаад өгөөч” гэсэн дохиогоор үсэнд нь шигдсэн хорхой шавжаас салгаж өгөхийг бусдаасаа хүсдэг байна. Бас “секс хийцгээе”, “хоолноосоо өг”, “өөр газарт шилжье” гэх зэрэг утгатай дохиог ашигладаг ажээ.

Хүнтэй хамгийн ойр төрөлд тооцогддог шимпанзе, бонобо мичнүүдийн дохио зангааны 90 гаруй хувь хоорондоо таардаг байна.

Ийм дохио зангаа нь хүмүүсийн хоорондоо харилцах хэлийг бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг судалгааг ахалсан Шотландын гэгээн Эндрьюсийн нэрэмжит их сургуулийн психологи, мэдрэл судлалын сургуулийн эрдэмтэн Кирсти Грэм тайлбарлажээ.

Нэгээс хоёр настай нялх хүүхдүүд мичнүүдийн 50 гаруй дохио зангааг хэрэглэдэг нь энэ судалгаагаар бас тогтоогдсон байна.

Ингээд судлаачид насанд хүрсэн орчин үеийн хүмүүс мичнүүдийн хэлийг ойлгохдоо ямар байхыг туршжээ.

Тэд шимпанзе, бонобо мичнүүдийн үйл хөдлөлийг харуулсан 20 видео дүрсийг 5,656 хүнд онлайнаар үзүүлж, зөв утгыг дөрвөн хувилбар хариултаас сонгуулсан байна.

Ингэхдээ мичнүүдийн үйлдлийн хариуд бусад нь ямар хариу үйлдэл үзүүлснийг харуулаагүй гэнэ.

Бас дүрснүүдээ “зөвхөн дүрс”, дохио зангаанаас өмнө мичнүүд юу хийж байсан тухай “тайлбартай дүрс” гэсэн хоёр төрлөөр үзүүлжээ.

Ингэхэд туршилтад оролцогчид хоёр төрлийн дүрснээс ялгаагүй 50-аас дээш хувийн амжилттайгаар мичнүүдийн хариултыг зөв тайлсан байна. Зарим дохиог бүр 80 хүртэл хувийн амжилттай зөв ойлгожээ.

Тухайлбал “хоолноосоо өг”, “маажаад өгөөч” зэрэг дохиог маш өндөр хувьтай ойлгосон байна.

Энэ нь санамсаргүй тохиолдлоор зөв хариултыг таах магадлалаас хоёр дахин өндөр үзүүлэлт гэнэ.

“Ийм дохио зангаануудыг хүн дүрст мичний бүх төрөл зүйлүүд хэрэглэдэг. Хэрвээ хүмүүс үүнийг ойлгож байгаа бол бидний өвөг дээдэс ч үүнийг мэддэг байсан гэж ойлгож болохоор байна” гэж Грэм ярьжээ.

Тэрбээр цаашид горилла, орангутан зэрэг бусад төрөл зүйлийн мичнүүдийн дохионы хэлээр судалгаагаа баяжуулж, хүмүүс ийм чадварыг яг ямар замаар өвлөж авсныг гүнзгийрүүлэн судлах шаардлагатайг онцолсон байна.

 

Эх сурвалж: CNN

Exit mobile version