Дэлхий

Туркийн ерөнхийлөгч Шведийг биш, зөвхөн Финланд улсыг НАТО-д элсэхэд нь дэмжихээ мэдэгдэв

Нийтэлсэн

Шведийг биш, зөвхөн Финландыг НАТО-д элсэхэд нь дэмжих боломжтой тухай Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр мэдэгджээ.

Курдийн салан тусгаарлагч зэвсэгт бүлгийн гишүүдийг нутаг дэвсгэртээ орогнуулж, Туркийн талд шилжүүлж өгөхөөс татгалзаж байгаа нь Швед улсыг дэмжихгүй байх шалтгаан болохыг тэр тайлбарласан байна.

“Хэрвээ НАТО-д элсэхийг үнэхээр хүсэж байгаа бол террористуудыг бидэнд буцааж өгөх хэрэгтэй” гэж Эрдоган өчигдөр ярьжээ.

Сүүлийн үед Турк-Шведийн харилцаа хурцдаж байгаа.

Тухайлбал Стокхольм хот дахь Туркийн элчин сайдын яамны өмнө хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж, нэг жагсаалын үеэр Коран судрыг шатааж байв.

Шведийн эрх баригчид уг үйлдлийг буруутгасан ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахаа мэдэгдсэн билээ.

Украинд Оросын цэрэг халдан довтолсны дараа Швед, Финланд улсууд олон арван жил сахисан төвийг сахих байр сууриасаа татгалзаж, НАТО-д элсэхээр болсон юм.

Тэдний өргөдлийг НАТО-гийн гишүүн бүх орон дэмжих шаардлагатай байгаа. Харин Турк улс үүнд саад хийх магадлалтай байна.

“Бид Шведийн талд 120 террористын нэрсийн жагсаалт өгч, тэдгээрийг шилжүүлж өгөхийг хүссэн. Хэрвээ шилжүүлж өгөхгүй бол бид энэ асуудлаар уучлаарай гэхээс өөр аргагүй” гэж Эрдоган хэлжээ.

Финландтай харьцуулахад Швед улсад Курдийн цагаачид олон тоогоор оршин суудаг.

Туркээс салан тусгаарлах зорилготой Курдийн Ажилчдын Нам хэмээх улс төрийн байгууллагыг Анкарагийн эрх баригчид террорист байгууллага гэж үздэг юм. Туркээс гадна АНУ, Европын Холбоо уг байгууллагыг террорист байгууллага ангилалд оруулсан байдаг.

НАТО-д элсэхийн тулд Швед, Финланд улсууд Туркийн шаардлагыг биелүүлэх арга хэмжээг авсаар байгаа.

Тухайлбал Шведийн эрх баригчид терроризмын эсрэг хуулиа чангалахын тулд үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан.

Бас 2019 онд Сирийн нутагт цэргийн ажиллагаа явуулсных нь дараа Туркийн эсрэг тавиад байсан зэвсэг техникийн хоригоо Швед, Финланд улсууд цуцалсан юм.

Энэ сарын эхээр Эрдоган парламентын сонгуулийн санал хураах өдрийг нэг сараар урагшлуулж, тавдугаар сарын 14-нд болгох шийдвэрийг зарласан.

Туркийн сонгууль НАТО-д элсэхэд нь нөлөөлж болзошгүй тул яриа хэлэлцээгээ түр зогсоох саналыг Финландын гадаад хэргийн сайд Пекка Хаависто өмнө нь гаргаж байжээ.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version