Эдийн засаг

Австралиас авах Хятадын нүүрсний захиалга нэмэгдэж эхэлжээ

Нийтэлсэн

Хоёр жил орчим үргэлжилсэн Австрали-Хятадын дипломат маргаан өндөрлөж, худалдааны эргэлт нэмэгдэж эхэлсэн байна.

Энэ сарын эхээр Австралийн уурхайнуудаас Хятадын төрийн өмчит компаниуд эрчим хүчний зориулалттай нүүрс захиалж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байв.

Тэгвэл сар шинийн баяраас өмнө Хятадын тал 80,000 тонн коксжих нүүрсийг Австралийн Күинслэнд муж дахь Моранбах Норт уурхайгаас захиалсныг түүхий эдийн зах зээл судалгааны Argus Media агентлаг мэдээлжээ.

Хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр Хятадын боомтуудад хүрэх уг захиалгын тонн тутмын үнэ $325 байсныг тус агентлаг бас мэдээлсэн байна.

Коксжиж нүүрсийг гангийн үйлдвэрлэлд ашигладаг.

Гэхдээ энэ захиалга нь Австрали-Хятадын харилцаа хэвийн үед сард 2-3 сая тонн нүүрс нийлүүлдэг байсантай харьцуулахад өчүүхэн бага хэмжээ юм.

Австралийн эрх баригчид коронавирусийн уг гарлыг судлах олон улсын шалгалт явуулахыг уриалсны дараа хоёр улсын харилцаа муудаж, 2020 оны сүүлээс эхлэн нүүрсний худалдаа бүрэн зогсоод байв.

Гэвч Австралид шинэ засгийн газар байгуулагдаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойг тохиолдуулан Австралийн гадаад хэргийн сайд өнгөрсөн оны сүүлээр Бээжинд айлчилсны дараа харилцаа сэргэх эхний шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн юм.

Австралийн сайн чанарын коксжих нүүрсийг орлуулах түүхий эд олоход Хятадын гангийн үйлдвэрүүдэд хүндрэл гарч буй тухай салбарын мэргэжилтнүүд өмнө нь мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

Exit mobile version