Дэлхий
Өмнөд Солонгос өнөөдрөөс дотоод орчинд амны хаалт зүүх шаардлагаа цуцалж байна
Өнөөдрөөс буюу Даваа гарагаас эхлэн Өмнөд Солонгост дотоод орчинд амны хаалт зүүх шаардлага цуцлагдаж байна.
Зөвхөн эмнэлэг, асрамжийн газар, эмийн сан, нийтийн тээврийн хэрэгсэл дотор амны хаалт зүүх журам хэвээр үлджээ.
Коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо, хүндрэлийн тоо, эрүүл мэндийн байгууллагуудын багтаамж, өндөр настнуудын дундах вакцинжуулалтын хувь хэмжээ гэсэн дөрвөн үзүүлэлт дээр үндэслэн ийм шийдвэр гаргаж байгаагаа Өмнөд Солонгосын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв тайлбарласан байна.
Гэхдээ уг шийдвэр нь амны хаалт халдвараас хамгаалахгүй болсон гэсэн үг биш, эрсдэлтэй бүлгийнхэн сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн зүүх хэрэгтэйг зөвлөжээ.
Гурван жилийн турш амны хаалт зүүсэн солонгосчууд дадал зуршлаасаа тийм амархан салж чадахгүй нь харагдаж байгаа.
Энэ сарын дундуур Lotte Members клубийн зохион байгуулсан санал асуулгад оролцсон 2,200 насанд хүрэгчийн 66 хувь нь журам цуцлагдсан ч амны хаалтыг зарим хүрээнд үргэлжлүүлэн зүүх сонирхолтойгоо илэрхийлжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн цар тахалтай холбоотой 14 дэх удаагийн шуурхай хурлаа нэгдүгээр сарын 27-нд зохион байгуулсан бөгөөд энэ хурлаас гарсан халдвараас сэргийлэх хорио цээрийн зөвлөмжөө сулруулах шийдвэрийг энэ долоо хоногт зарлах төлөвтэй байна.
Эх сурвалж: Korea Times