Нийгэм

Дашбалбарчууд ганган 00-роо хотынхныг “ангайлгав”

Нийтэлсэн

Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулах, ашгийг нь хүртэж буйн жишээтэй танилцаад ирлээ. Дорнод аймгийн төвөөс баруун хойд зүгт Дашбалбар хэмээх жижигхэн сум байх. Буриад зон олны голомт гэж хэлж болохуйц жижигхэн энэ суурин 3500 хүн амтай. Ажилсаг, юмханаар юм хийж аж төрдгийн жишээ олныг харж болохоор. Гэрэлтүүлгээ бүрэн шийдсэн сумын төвийн цардмал замаар салхи татуулан давхихад гоё ганган барилга байшингаас илүүтэй баруун гар талд “PUBLIC TOILET” гэх боловсон жорлон гаднаас очсон хэн бүхний анхаарлыг татах аж. Захын энэ жижигхэн сум нийтийн хэрэглээний жорлонгийн асуудлаа шийдсэн нь гайхалтай хэмээн машинд явсан дөрвөн хүн зэрэг дуу алдлаа. Гэхдээ сэтгэлийн мухарт “ үзэсгэлэн” төдий байж мэднэ. Зун, намрын зургаан сардаа ажилладаг бол их юм гэх бодол төрөөд л өнгөрлөө. Гэвч цаг хагасын дараа Засаг даргын орлогчоос жорлон сураглахад “Та бүхэн анзаарсангүй юу, замын цаад талд байгаа гээд цонхоороо өнөө боловсон 00 –г заах нь тэр. Үнэхээр боловсон аж. Гадна үүдэндээ банк, дэлгүүрийн нэгэн адил цагийн хуваарь, дуудас утасны дугаар энэ тэрээ бичсэн харагдана. Дотроо эрэгтэй, эмэгтэй тасалгаатайн дээр ариун цэврийн цаас ч өгч байна. Асуудал жижигдэггүй болохыг Дашбалбарчуудаас олж харлаа. Боловсон 00-ийн тухайд байгаль орчин бохирдуулахгүй энэ тэрийг хэлүүлэх юун. Харин ялаа,батгана, өт дүүрсэн модон жорлонг хөдөө орон нутагт халж чадсаны жишээг л та бүхэнд онцлох байна. Үйлчлэгч эмэгтэй “ Хөдөөний малчдын зарим нь боловсон 00-д хэрхэн бие засахыг мэддэггүй юм. Суманд нээгдсэн сургаар зориуд ирж үзсэн хүн олон. Хотын та бүхэнд инээдэмтэй санагдаж байж мэднэ. Зөв бие засч сурахаас соёл эхэлнэ биз дээ” хэмээн ажлаа хийнгээ хуучилсан. Үнэхээр тийм. Монголын 360 сум бүхэн дэд бүтцээ шийдээд, боловсон жорлонтой болчихвол Засаг даргын тамгын газраа тойроод хашаа, байшингийн булан тохой бүрт шээгээд зогсч байхгүй байлгүй дээ. Манай ихэнх сумд 90, 100 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэж буй. Гэвч нутаг орноо зориод очих гадна, дотны зочдод учирдаг зовлон бол дээр өгүүлсэн ялаа, батгана нь дүнгэнэж, өтөөр дүүрсэн модон жорлонд бие засах хэрэг болдог. Банз энэ тэрийн тухайд өгүүлэх ч илүүц. Гадны жуулчид тэрхүү модон жорлонд бие засах аргаа олохгүй байсан талаар олон арван баримт байдаг. Гэтэл асуудлыг ингэж шийдэж болдог юм байна гэдгийг Дашбалбарчууд бэлхэнээ хэлээд өглөө. Монгол орон өргөн уудам газар нутагтай. Зуны дэлгэр цагт зам дагаад л машин машинаараа, автобус автобусаар эгнээд зогсчихсон замын далан, жалга ховилоор хормойгоороо халхавчлан явган суусан эмэгтэйчүүд, буруу харж зогсоод шээж буй эрчүүдтэй алхам тутамд таардаг. Тэр хэрээр байгаль орчин бохирдох нь зүйн хэрэг. Замаас холгүй зусах малчдын үүдээр хэрэглэсэн ариун цэврийн цаас хийсч, дэлгэцтэй ааруул дээр нь ирээд наалдсан байхыг харж л явлаа. Үүнийг шийдэх цорын ганц зам нь дашбалбарчуудын дэлгэрүүлж буй боловсон жорлон. 200 км тутамд соруулдаг байж болох боловсон жорлон байгуулж, сум орон нутагт хариуцуулж, жолооч нарт тэмдэг, тэмдэглээгүй газар зогсохыг хориглоход ч байгаль орчин маань хүний шээс баасанд бохирдохгүй, сүүдрэвчээ бариад түр амрахад гудас тань цэвэрхэн байх юм даа.

Exit mobile version