Дэлхий

Хятадын Сичуань муж гэр бүлүүдийн хүүхдийн тоонд тавьсан хязгаараа цуцалж, гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдийг зөвшөөрч эхэлсэн байна

Нийтэлсэн

Хятадын баруун өмнөд бүсийн Сичуань мужийн захиргаа гэр бүлүүдийн хүүхдийн тоонд тавьсан хязгаараа цуцалж, гэрлээгүй хосуудад хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.

Сичуань нь 80 гаруй сая хүн амтай, Хятадын томоохон мужуудын нэг юм.

Ингэснээр хоёрдугаар сарын 15-наас эхлэн тус мужийн гэр бүлүүд хязгааргүй тооны хүүхэд бүртгүүлэх эрхтэй болж байна.

Үүнээс өмнө Сичуаньд зөвхөн албан ёсоор гэрлэсэн хосын хоёр хүртэл тооны хүүхдийг бүртгэх журамтай байжээ.

Шинэ журам таван жилийн хугацаанд үйлчлэхийг тус мужийн эрүүл мэндийн төв комисс мэдээлсэн байна.

Зөвшөөрсөн тооноос хэтэрсэн болон гэрлэлтээс гадуур төрсөн хүүхэд засгийн газраас үзүүлдэг нийгмийн бүх төрлийн халамж, үйлчилгээг хүртэх эрхгүй байв.

Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын хүн ам хөгширч, хүүхэд төрүүлэх явдал багассан нь эрх баригчдыг уламжлалт бодлогоо эрс өөрчлөхөд хүргэж байна.

2022 онд Хятадын хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа хорогдсон нь үүнтэй холбоотой. Хятад улсад олон жилийн турш хэрэгжиж байсан “өрх бүрд нэг хүүхэд” бодлого 2016 онд цуцлагдаж, хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн ч үр дүн муу байгаа.

Сичуань мужийн хүн амд 60-аас дээш настнуудын эзлэх хэмжээ 21 хувьд хүрсэн нь Хятадын мужуудаас долдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт ажээ.

Сүүлийн жилүүдэд тус муж хүүхэд төрүүлэхийг урамшуулах хэд хэдэн арга хэмжээ нэвтрүүлээд байгаа. Тухайлбал 2021 оны долдугаар сард айл өрхүүдийн хоёр дахь хүүхдэд гурван нас хүртэл нь сар бүр мөнгөн тэтгэмж олгох журам батлагдаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version