Улс төр

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа сонгогджээ

Нийтэлсэн

Монгол Ардын Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны /НАМЭХ/ ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр боллоо.

21 аймаг, есөн дүүрэг, нийслэлээс нийт 400 гаруй төлөөлөгч оролцож буй уг хуралдаанаар Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэрээ өөрчилж, цаашид “Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болов.

Мөн холбооны дүрэмдээ өөрчлөлт оруулж, ирэх дөрвөн жилд “Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-г удирдах шинэ Ерөнхийлөгчөө сонголоо.

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны Дарга Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн.

Ээлжит бус Их хуралд оролцсон төлөөлөгчдийн 94.59 хувийн саналаар “Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа сонгогдож, тус холбоог ирэх дөрвөн жилд удирдахаар боллоо.

НАМТАР

Хүрэлбаатарын Булгантуяа 1981 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Ам бүл тав. Монгол Ардын Намд 2009 онд гишүүнээр элссэн.

БОЛОВСРОЛ

  • 1997-1998       “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль
  • 1999-2006       БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухааны технологийн их сургууль
  • 2007-2008       АНУ-ын Ейлийн их сургууль
  • Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй. Англи, орос, хятад, япон хэлтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2006-2008       “Бүтээлч шийдлүүд” ХХК-ий хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010       Дэлхийн банкны төсөлд Төсөв, төрийн сангийн зөвлөх
  • 2010-2012       “Оюутолгой” ХХК-д Бизнес, стратегийн ахлах зөвлөх, Төслийн менежер
  • 2012-2013       “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга
  • 2013-2016       Монгол Ардын Намын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2016-2020       Сангийн дэд сайд
  • 2020 оноос     Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга

СОНГУУЛЬТ АЖИЛ

  • Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Бага хурлын гишүүний сонгуульт ажилтай.
  • 2023 оноос    Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга

 

Эх сурвалж: Монгол Ардын Нам

Exit mobile version