Covid-19

Хятадад дэгдсэн коронавирусийн халдварын давлагаа төгсгөлдөө ирснийг мэдээлэв

Нийтэлсэн

“Тэг ковид” стратегиасаа татгалзсаны дараа Хятад улсад коронавирусийн халдварын томоохон давлагаа дэгдсэн нь төгсгөлийн шатандаа орсныг албаныхан өчигдөр мэдээлжээ.

Мөн сар шинийн баярын үеэр вирусийн халдвараар өвчилсөн, эндэгдсэн хүмүүсийн тоо илт нэмэгдээгүйг Хятадын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв мэдээлсэн байна.

Тус улсын эрх баригчид арван хоёрдугаар сарын эхээр хорио цээрийн ихэнх дэглэмээ цуцалсан юм.

Коронавирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол нэгдүгээр сарын 4-ний өдөр 4,300 хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ.

Тэгвэл энэ тоо нэгдүгээр сарын 23-ны өдөр 896 болж буурсан байна.

Мөн хугацаанд халдварын шинж тэмдэг илэрсэн шалтгаанаар эмнэлэгт ирэх хүмүүсийн тоо 90 хувь, өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо 85 хувиар буурсныг мэдээлжээ. Нэгдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Хятад даяар 12,658 хүн вирусийн халдварын улмаас нас барж байсан бол дараагийн долоо хоногт нь 6,364 болж, хоёр дахин буурсан байна.

“Сар шинийн баярын үеэр өвчлөл илт нэмэгдсэнгүй. Вирусийн шинэ хувилбар бүртгэгдсэнгүй. Одоо үргэлжилж буй халдварын давлагаа төгсгөлийн шатандаа шилжиж байна” гэж халдварт өвчин судлалын төвөөс өчигдөр мэдээлсэн байна.

Энэ жилийн сар шинийн баяраар Хятад даяар 226 сая зорчигчийн шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 70 хувиар өндөр байжээ.

Өнгөрсөн оны сар шинийн баярын үеэр тус улсад хөл хорионы хатуу дэглэм үйлчилж байсан юм.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version