Дэлхий
Азийн хамгийн баян хүн дэлхийн тэргүүн 10 баяны жагсаалтаас хасагдлаа
Энэтхэгийн төдийгүй Ази тивийн хамгийн баян хүнд тооцогдож байгаа Гаутам Аданигийн хөрөнгийн хэмжээ нэг долоо хоногийн дотор огцом буурч, дэлхийн тэргүүн 10 баяны жагсаалтаас хасагджээ.
Үүнд түүний эзэмшдэг компаниудтай холбоотой дуулиан нөлөөлсөн юм. АНУ-ын Hindenburg Research компани өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт гаргасан судалгааны тайландаа Адани Группийн доторх “хувьцааны үнэ ханшид нөлөөлөх манипуляц, нягтлан бодох бүртгэлийн луйврын схем”-ийн талаар мэдээлж байв.
Үүний дараа хөрөнгө оруулагчид Адани Группийн компаниудын хувьцааг эрчимтэй зарснаар зах зээлийн үнэлгээ нь $68 тэрбум гаруйгаар багасжээ.
Үр дүнд нь тэрбумтан Гаутам Аданигийн хөрөнгийн хэмжээ оны эхний үетэй харьцуулахад $36.1 тэрбумаар хорогдсон байна.
Түүний нэр нэг долоо хоногийн дотор Блүүмбэргийн тэрбумтнуудын жагсаалтын дөрөвдүгээр байраас 11 дүгээр байр хүртэл ухарсан юм.
Өнгөрсөн хугацаанд Адани Групп өөрийгөө хүчтэй хамгаалсан ч Хинденбург цацсан мэдээллээ үнэн болохыг баталсаар байна.
Хэдийгээр хөрөнгийн хэмжээ нь буурсан ч Адани тивийнхээ тэргүүн баяны статусыг хадгалсан хэвээр байгаа.
Адани Групптэй холбоотой дуулиан Энэтхэгийн нийт хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, тус улсын бусад тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ ч буураад байна.
Тухайлбал Мукеш Амбани, Радхакишан Дамани, Савитри Жиндал нарын хөрөнгө тус бүр $5, $2, $1 тэрбумаар багасжээ.
Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн гол индекс Sensex энэ он гарсаар 2 хувь унаад байна. Хэдийгээр дээрх дуулиан хөрөнгө оруулагчдын тус улсын хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг тодорхой хэмжээгээр сулруулсан ч корпорацын засаглалын чанарын үзүүлэлтээр Энэтхэг улс Хятад, Саудын Араб, Бразил зэрэг бусад хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад сайн байгааг макро эдийн засгийн судалгааны TS Lombard компанийн ахлах мэргэжилтэн Шумита Девешвар блогтоо бичжээ.
Эх сурвалж: Business Insider