Зөвлөгөө

Гэрээсээ ажиллахдаа хэрхэн анхаарлаа бүрэн төвлөрүүлэх вэ?

Нийтэлсэн

Ажилдаа явахгүй, хуралд орохгүй, дүрэмт хувцас, ажлын хувцас өмсөхгүй гээд гэрээсээ ажиллах нь мөрөөдлийн гоё  санагдана. Гэхдээ ажлын үүрэг хариуцлагаа хүлээж, ажлаа бүрэн гүйцэтгэх хүртэл энэ нь мөрөөдөл шиг санагдана.

Ажлын байранд анхаарал сарниж өөр зүйлс хийх нь бага байдаг, харин гэртээ бүх анхаарлаа ажилдаа хандуулж сахилга баттай ажиллах нь төвөгтэй асуудал.

Ажлаа хийж байтал найз чинь залгана, та ажлаа хийж дуусгах хэрэгтэй байгаа ч гэртээ байгаа тул чөлөөтэй ярих боломжтой…

Та хэзээ хувийн ажлаа амжуулах, хэзээ ажлаа хийхээ шийдэх хэрэгтэй.

Угаах хэдхэн хувцсаа угаалгын машинд хийхэд нэг их хугацаа орохгүй мэт танд санагдана, гэтэл нэг мэдэхэд орой болтол гэрийн ойр зуурын ажил хийчихсэн байдаг.

Эцэст нь хэлэхэд гэртээ байхад ажлын цаг, хувийн цагийг ялгахад хэцүүхэн болдог.

Гэрээсээ хамгийн үр дүнтэй, бүтээмжтэй ажилладаг хүмүүс өөртөө тодорхой хязгаарлалтууд тогтоож, мөрдсөн байдаг.

Гэрээсээ үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай ажиллах дараах 3 зөвлөгөөг хүргэж байна.

АЖЛЫН ЦАГАА ТОГТОО:

Гэрээсээ ажиллахдаа ажлын цаг тогтоох гэдэг тэнэг сонсогдох байх. Гэхдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажиллахын тулд оффистоо байгаа мэт ажиллах хэрэгтэй.

Ихэнх гэрээс ажиллаж байгаа, цагийн менежмент суралцаагүй хүмүүс ажлаас ажлын хооронд, уулзалтаас уулзалтын хооронд гүйж, хувийн амьдрал болон ажлын цагт ямар нэгэн хил хязгаар тогтоогоогүй байдаг.

Миний хувьд гэртээ байхдаа мэйлээ уншиж чадахгүй байгаадаа харамсаж, шаналж, амарч чаддаггүй байв. Би өөрөөсөө “хэрвээ би ажил дээрээ байсан бол энэ ажлыг хийх байсан уу?” гэж асуугаад хийх ажлаа шийддэг болсон. Хэрвээ хариулт нь “үгүй” бол би энэ ажлаа ажлын цагийн өмнө эсвэл дараа нь хийхээр шийддэг.

  • Гэрийн ажил, найз нөхөдтэйгээ уулзах зэргийг ажлын бус цагаар хийдэг.
  • Мөн цайны цагаараа найз нартайгаа уулзаж, хоолонд орж ярилцдаг.

Гэхдээ энэ бол дүрэм биш гэдгийг санаарай. Ингэснээр ажлын цагаараа ажлаа маш сайн хийгээд ажлын бус цагаар ажлаа бодож шаналахгүй байж чаддаг.

 ЦАГАА ҮР ДҮНТЭЙ БАЙХААР ЗОХИОН БАЙГУУЛ:

  • Та ажлын цагаа энгийн оффист ажилладгаас өөр байдлаар зохион байгуулж болно.Хэрвээ 7 хоног 1-2 өдөр гэрээсээ ажилладаг бол энэ өдрүүдийг уулзалт хуралгүй байхаар зохицуул.Та заавал хуралд суух шаардлагатай бол тал өдрөө хуралд зарцуулахаар төлөвлөөрэй. Эсвэл та өөрийнхөө хамгийн эрч хүчтэй цагт уулзалт хийхээр төлөвлөж болно.
  • Ажлын байран дээрээ хийхэд төвөгтэй байдаг стратегийн, бүтээлч, анхаарал төвлөрүүлэх шаардлагатай ажлуудаа гэртээ хийж болно.Та тодорхой цагт хийж гүйцэтгэх 1-2 ажил төлөвлөөрэй. Мөн мэйл ирэх болон ирэхгүй цагийг тохируулж, гаргаж болно. Гэхдээ зарим чухал дуудлага, мэйлийг орхигдуулахгүйн тулд мэйлээ шалгах цагаа бас зохицуулах хэрэгтэй.

ХИЛ ХЯЗГААР ТОГТОО:

  • Гэрээсээ ажиллаж байгаагаа хүмүүст хэлсэн ч гэсэн яг ажиллаж байх цагаа тэдэнд ойлгуулж хэлээрэй. Ажлын цагаар ажлын бус зүйлс ярьж үймүүлж болохгүй гэдгийг хүмүүст тайлбарлах хэрэгтэй. Жишээ нь та нөхөртөө ингэж хэлж болно. “Би өнөөдөр 8-17 цагийн хооронд гэрээсээ ажиллана, мэдээж 2-лаа цайны цагаар хамт хооллож ярилцаж болно.” Гэхдээ та ингэж хэлсэн бол ажлаа яг 17 цагтаа дуусгаж байгаарай. Хүмүүс хил хязгаарыг ойлгохоос гадна, хэзээ чөлөөт цагаа хамт өнгөрүүлж болохоо ч бас ойлгож авдаг.
  • Та бусад хүн танд саад болохооргүй унтлагын өрөө ч юм уу, бусдаас хол байрладаг өрөөгөө сонгож ажлаа хийж болно.
  • Хэрвээ гэнэтийн зочид ирвэл та яах вэ?Танай хөрш орж ирвэл та ажил дээрээ өрнүүлдэг шиг энгийн яриа өрнүүлэх хэрэгтэй гэхдээ кофе уух, сууж ярилцахыг санал болгох шаардлагагүй. Харин дуусгах ажил байгаагаа хэлээд, хэрэгтэй бол дараа уулзах боломжтой хугацаагаа ярилцаарай.
  • Хэрвээ хувийн ажлаа өдрийн цагаар хийх шаардлага гарвал хэр их цаг зарцуулахаа тооцож үзээд, ажлын завсраар амжуулж болохыг бодоорой. Жишээ нь: Таны ээж, аав тусламж хүсвэл цайны цагаараа амжуулж болох эсэхийг тооцох хэрэгтэй.
  • Та ажлын завсраар ойрхон хими цэвэрлэгээнээс хувцас авч, дэлгүүрээс сүү авч амжина, гэхдээ дэлгүүр хэсч, хүнс цуглуулах хангалттай цаг байхгүй гэдгээ ойлгоорой. Мөн өнөөдөр машинаа засварын газар хүргэж өгч болж байна. Харин даатгалын гэрээ хийх ажлыг маргааш хийе, өнөөдөр амжуулах ажилтай гэж хэлж болно.
  • Та ажлын цаг, хувийн цагт хийж болох ажлын хил хязгаарын талаар ярьж байхдаа уучлал гуйгаад байх шаардлагагүй.

Тэдэнд гэрээсээ ажиллаж байгаа ч ажлын цаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Эхнээсээ ажлын цагийн хил хязгаарыг тогтоогоод өгчихвөл хүмүүс таны ажилд саад болж, анхаарал сарниулахгүй дасчихна.

Exit mobile version