Улс төр

Хэрх өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Компланыг хүлээж авч уулзлаа.

Сайд ярианыхаа эхэнд НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж эхэлсний 60 жилийн ой энэ онд тохиож буйг онцлоод хамтын ажиллагааны нэгэн жарны хугацаанд Хүүхдийн сан Улс орны хөтөлбөрөөрөө дамжуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг тэр дундаа эрүүл мэндийн салбарын зорилт, арга хэмжээнүүдийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн 60 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт эх, нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, нярайн эндэгдлийг бууруулах, товлолт вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх, өсвөр насныхны эрүүл мэндийн боловсрол, ариун цэвэр, усан хангамжийг сайжруулах чиглэлээр харамгүй тусалж ирсэн Монгол Улсын хамгийн ойрын түнш гэдгийг тодотгов.

Ковид-19 цар тахлын амаргүй хүнд үед Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хамт олны хүчин чармайлтаар 2.5 сая тун пфайзер вакциныг худалдан авч, вакцины хүйтэн хэлхээ тоног төхөөрөмжийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хангаж, улмаар ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцины төв агуулахын өргөтгөлийг шинээр барьж ашиглалтад оруулсан нь цар тахлыг хохирол багатай даван туулахад томоохон дэмжлэг болсон. Мөн 2021-2022 онд 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх хүүхэд, насанд хүрэгчдийн эм, хүчилтөрөгчийн хангамж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн зэрэг хамтын ажиллагааны үр дүнгүүдийн талаар дурдаад цаашид Хүүхдийн сантай хамтран ажиллах хүсэлтэй байгаа чиглэлүүдээ танилцуулсан.

Юуны өмнө эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтрах, тэр дундаа салбарын суурь хуулийн нэг болох Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Өвчилсөн хойно нь эмчлэх гэхээсээ өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролтой болгож, амьдралын зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн Иргэдийн эрүүл мэндийн боловсрол үндэсний хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөр батлагдвал БШУЯ-тай хамтран хүүхдэд бага наснаас нь эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хийхэд Хүүхдийн сантай хамтран ажиллах нь үр дүнтэй болно гэж үзэж буйгаа хэллээ.

Түүнчлэн өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдол, орчны эрүүл ахуйн нөхцөлөөс үүдэлтэй гарч байгаа хүүхдийн өвчлөл, ковидын дараах нөхөн сэргээх чиглэлд судалгаа хийхэд хамтрах, хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, хүүхдэд багаас нь шүднйи өвчнөөс хамгаалах дадал хэвшлийг суулгах чиглэлд ч тодорхой зүйлүүдийг үндэсний хэмжээнд хийхэд дэмжлэг хэрэгтэй байгаа.

Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийж хэрэгжүүлэх сумдын ЭМТ-ийн усан хангамжийг сайжруулж, боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг энэ онд эрчимжүүлэхэд онцойлон анхаарахыг С.Чинзориг сайд Суурин төлөөлөгчөөс хүслээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хувьд 2023-2027 онд Монгол Улстай хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж баталсан бөгөөд үүнд эрүүл мэнд, хоол тэжээлийн хангамж, боловсрол, нийгмийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, усан хангамж, ариун цэврийн байгууламжтай холбоотой асуудлууд орсон. Мөн нийтийг хамарсан гамшгийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой олон ажлууд төлөвлөснийг Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комплан танилцуулж эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд нийгмийн хамгааллын салбарт олон жил ажилласан туршлагатай, хүүхэд, эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад бодлогын түвшинд олон зүйлийг хийж хэрэгжүүлсэн нэг үгээр “Хүүхдийн сангийн Элчин сайд” гэж болохуйц хүнтэй эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар болсонд баяртай байна гэв.

Хоёр тал цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаас хөдөөгийн сумдын ЭМТ-ийг цэвэр бохир усны системд холбож, орчин үеийн боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг орон нутгийн онцлогт тохируулан хийх тал дээр санал солилцлоо.

Эваристе Коуасси-Компланы хувьд усан хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр улс орнуудад ажиллаж байсан туршлагатайн дээр 2021 оны арванхоёрдугаар сар Монгол Улсад томилогдож ирснээс хойш 11 аймгаар орж хөдөөгийн аж амьдрал, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудалтай танилцаад амжсан байна. Тиймээс эрүүл мэндийн салбар, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах тал дээр үр дүнтэй хамтран ажиллах итгэлтэй байгаагаа хэлээд Люксембургийн Вант улсын Засгийн газрын санхүүжилтээр Монголд хэрх өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлэхээр болсныг дуулгалаа.

Эх сурвалж: ЭМЯ

Exit mobile version