Дэлхий
Хонконгийн засаг захиргаа 700,000 нислэгийн тасалбар үнэгүй тараахаар болов
Цар тахлын дараа аялал жуулчлалыг сэргээх зорилготой дэлхийн хамгийн том урамшуулалт хөтөлбөр зарлаж байгаагаа БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн эрх баригчид өчигдөр зарлажээ.
“Hello Hong Kong” нэртэй энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон тооны арга хэмжээг 2023 оны турш зохион байгуулах юм байна. Үүнд 700,000 нислэгийн тасалбар үнэгүй тараах төлөвлөгөө багтжээ.
Хөтөлбөрийг зарлах арга хэмжээний нээлт дээр Хонконгийн захирагч Жон Ли Ка-чиу “Хатагтай, ноёдоо! Энэ бол дэлхийн хамгийн том урилгат хөтөлбөр байж магадгүй юм” гэж хэлжээ.
Ирэх Даваа гарагаас тус хот цар тахлын хорио цээрийн сүүлчийн арга хэмжээ болох PCR шинжилгээний шаардлагаа цуцлахаар болсон байна.
Ингэснээр гадаадын болон Хятадын эх газрын иргэд Хонконг хотод ямар ч саад, төвөг чирэгдэлгүй нэвтрэх боломжтой болох гэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд Хонконг хотод олон улсын спорт, урлаг соёл, бизнесийн зэрэг салбарын нийт 250 гаруй томоохон арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Хонконгийн Аялал Жуулчлалын Зөвлөл өчигдрөөс тус бүр нь 100 хонконг долларын үнэ бүхий нэг сая ваучер тарааж эхэлсэн байна.
Гуравдугаар сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Cathay Pacific, HK Express, Hong Kong Airlines гурван компаниар дамжуулсан гадаадын жуулчдад 700,000 тасалбар үнэгүй тараахаар болжээ. Гэхдээ тасалбаруудын 65 хувийг эдгээр компаниудаар тараалгах ба бусдыг нь аялал жуулчлалын оператор компаниуд болон бусад сувгуудаар тараалгах юм байна.
Үнэгүй тасалбарууд Азийн орнуудын жуулчдад голлон чиглэх ба цар тахлын өмнөх зорчигч тээврийн урсгалын хэмжээн дээр нь үндэслэн улс орнуудад хуваарилах гэнэ.
Тасалбаруудыг тараахдаа азын сугалаа, нэгийг авбал нэгийг үнэгүй гэх мэт янз бүрийн урамшууллын арга хэрэгсэл ашиглах тухай мэдээлжээ.
Эх сурвалж: South China Morning Post