Бидэнтэй нэгд

Нийгэм

Шинжлэх ухааны академийн их чуулган боллоо

Нийтэлсэн

ШУА-ийн их чуулган өнөөдөр /2022.02.02/ хуралдаж Монгол Улсын Шинжлэх ухааны Академи (ШУА), харьяа хүрээлэнгүүдээс 2022 оны эрдэм шинжилгээний үйл ажиллагааны тайланг хэлэлцэж дүгнэлээ.

Их чуулганыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ

 “2022 он монгол улсын гадаад орчны нөхцөл байдал амаргүй, дотоод эдийн засгийн хүндхэн сорилтуудтай тулгарсан жил байсан ч манай эрдэмтэн, судлаачдын  бага зардлаар бага биш ажил хийдэг  олон жилийн дадлага туршлагын хүчинд  салбар нийтдээ, тэр дундаа ШУА өмнөө тавьсан зорилго зорилтоо бүрэн биелүүлсэн гэдэгт итгэж байна. Миний бие ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд Л.Энх-Амгалан сайдтай  хийсэн үр дүнгийн гэрээний биелэлт 96,6 хувьтай гарч байгаа нь дээрх үндэслэл болж байгаа юм” гэлээ.

Өнөөдрийн чуулганд салбарын сайд Л.Энх-Амгалан хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь түүхэн үйл явдал боллоо хэмээн ШУА-ийн ерөнхийлөгч онцолсон юм.

Л.Энх-Амгалан  сайд энэ үеэр хэлсэн үгэндээ 

“2022 онд шинжлэх ухааны салбарын хувьд эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр онцгой анхаарсан жил байлаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 3 хүрээлэнг шинээр байгуулж эрдэм шинжилгээний үндсэн ажилтны тоог 10 хувиар нэмсэн. Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилгоор албан хаагчдын цалингийн доод хэмжээг баталж, нийт албан хаагчид цалингийн 5-р шатлалаар цалинжих шийдвэрийг гаргасан. 2022 онд Шинжлэх ухааны салбарын санхүүжилт нь 47.7 тэрбум төгрөг батлагдсан. Өнөөдөр улс орнууд шинжлэх ухаан, технологийн салбарт дунджаар ДНБ-ний 2,0 хувийг зарцуулж байгаа бол манай улсын тухайд 0,10 хувь байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Тиймээс энэ салбарт санхүүжилтийн шинэчлэл хийж эхлээд байна.

Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд “Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам”-ыг засгийн газраар хэлэлцүүлэн батлуулсан. Ингэснээр судалгааны үндсэн чиглэлд гүйцэтгэл, үр дүнд суурилсан тогтмол санхүүжилт олгох боломжийг бүрдүүлээд байна. Мөн засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түнд хяналт тавих журмыг батлаад байна.

Цаашид 2023 онд  бид шинжлэх ухаан, инновац, технологийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэх,  салбарын санхүүжилтийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх, салбарт шаардлагатай шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг байгуулах, цахим шилжилтийг эрчимжүүлж, технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлэх, нээлттэй, цахим платформыг бий болгох, чадварлаг хүний нөөцийг гадаад дотоодоос бүрдүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зэрэг олон шинэчлэлийн зорилтыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна”  гэлээ.

Улмаар ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайлангаа академийн нийт гишүүдэд  танилцуулав.

 Тус тайланд дүгнэснээр:

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээн дэх шинжлэх ухааны салбарын оролцоо, хувь нэмэр, гарц шийдэл, ирэх жилүүдийн зорилгоо хамтран тодорхойлсон жил боллоо.

ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд суурь судалгааны төсөл 79, шинжлэх ухаан, технологийн төсөл 6, улсын захиалгат төсөл 46, Инновацын төсөл 4, гадаадтай хамтарсан 74 төсөл, грант төсөл 35, нийт 243 төсөл хэрэгжиж байгаагаас 120 нь 2022 онд дууссан байна.

Судалгааны хүрээнд ном, нэг сэдэвт болон хамтын бүтээл 196, эрдэм шинжилгээний өгүүлэл 860 (гадаадад 376, WoS-д бүртгэлтэй сэтгүүлд 128), эрдэм шинжилгээний илтгэл 1018 (гадаадад 313), нийт 2074 бүтээл хэвлэн нийтлүүлсэн байна. Түүнчлэн шинжлэх ухааны хялбаршуулсан ном 23, нийтлэл, өгүүлэл 120, лекц 205, патент 5, технологийн загвар 8, стандарт 8, ТЭЗҮ 3, аргачлал, гарын авлага 19, зөвлөмж 43, ашигтай загвар 1, зураг, каталог 321, авран хамгаалах 149, лавлагааны материал 13, хээрийн судалгааны тайлан 76, социологийн тайлан 6-г гаргасан байна.

ШУА болон харьяа хүрээлэнгүүд 2022 онд улсын төсвөөс 23 тэрбум 932 сая төгрөгийн санхүүжилт авч, төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд 7 тэрбум 617 сая төгрөгийн нэмэлт орлого олж, эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулах, судалгааны ажлыг үйлдвэр, аж ахуйн нэгж дээр нэвтрүүлэх зэрэг олон ажлууд хийгдсэн байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газарт баригдаж буй Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборт 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон бөгөөд ажлын явц хэвийн явагдаж байна.

Манай эрдэмтдийн хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын төрөөс өндөр үнэлж, бидний дундаас Төрийн тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одон хүртсэн эрдэмтэн 1, Монгол Улсын Төрийн шагналтан 1, Монгол Улсын Ардын багш 1, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 5 төрөн гарлаа.

  СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ЗАРИМ ГОЛЛОХ ҮР ДҮНГЭЭС

Археологийн хүрээлэн: Олон улсын түрэг судлалын академитай хамтран Архангай аймгийн Хашаат сумын Номгоны хөндийд археологийн малтлага хийж, Түрэгийн Кутлук Элтэрис хааны тахилын онгон цогцолборыг нээн илрүүлэв. Тахилын онгон цогцолбороос олон төрлийн эд өлгийн зүйлийг илрүүлж, оройн хэсэгтээ хос чонын дүрслэлтэй, руни бичгээр үхэр жилийн есдүгээр сар, Тэнгэрийн хөвүүн, Түрэг, согд бичгээр Кутлук каган хэмээн бичсэн, хэд хэдэн брахми үсэг бүхий гэрэлт хөшөөний хэсгийг шинээр илрүүлсэн нь Түрэгийн хаант улсын түүхийг өгүүлэх бичиг үсгийн үнэт эх сурвалж, шинэ нээлт болов.

Соёлын яамны дэмжлэгээр “Хүннү-археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд бүтэн жилийн хугацаанд олон нийтэд толилуулан, 40 мянга гаруй хүнд соёлын өв, танин мэдэхүйн үйлчилгээг үзүүлсэн байна. Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейн үзэл баримтлал, үзвэр дэглэлтийн ажлыг дэлхийн стандартад нийцүүлэн амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн бөгөөд Чингис хаан музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн сан хөмрөгийн баяжилтад дэмжлэг үзүүлэн ажиллав.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрдэнэбүрэний усан цахилгаан станц”- ийн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх 3 аймгийн 4 сумын нутагт орших 28,000 га тусгай хэрэгцээт талбайд археологийн хайгуул судалгааны ажлыг богино хугацаанд амжилттай гүйцэтгэж, судалгааны үр дүнг “Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөл”-д хүлээлгэн өгөв.

Биологийн хүрээлэн: Дорнод аймгийн Буйр, Архангай аймгийн Өгий, Өвөрхангай аймгийн Найман нуур, Дархадын хотгорын Доод цагаан нуурын анхдагч бүтээгдэхүүний хэмжээ, биологийн бүтээмж, усны химийн найрлага, планктон ургамлын хлорфиллийн хэмжээ зэргийг тодорхойлон гидроакуастик багажийн мэдээг BioBase программаар боловсруулж тус нууруудын гүний 1:40000 масштабтай өндөр нарийвчлалтай зургийг гаргав. Мөн Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрт сонгомол үйлчлэлтэй талст уураг нийлэгжүүлэгч Bacillus thuringiensis бактерийн омгоор оюуны өмчийн патент (#10-0005108) авсан ба уг нутгийн омог ашиглан гарган авсан “Био-дендро” биобэлдмэлийг их хэмжээгээр үйлдвэрлэж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх зорилгоор 320 сая төгрөгийн өртөг бүхий 200 л багтаамжтай, ариутгал, агааржуулалтын системтэй ферментёрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газраас хүлээн авч суурилуулав.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар шинээр баригдах “Богдхан” төмөр замын трасс дагуу зэрлэг хөхтөн амьтдын шилжилт хөдөлгөөн, гарц гармын байршлыг тогтоох судалгаа хийж, цагаан зээр, халиун буга зэрэг амьтдын тархац, байршлын мэдээлэлд үндэслэн хамгийн бага өртөгтэй нүүдлийн коридор замуудыг зураглан боловсруулж, трассын дагууд нийт 9 цэгт зэрлэг амьтдад ээлтэй стандарт бүхий гарц байгуулах зөвлөмж хүргүүлэв.

“Ямаа, сарлаг, ингэний сүүгээр пробиотик сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт” зөвлөх үйлчилгээний ажлын үр дүнд сүү, сүүн бүтээгдэхүүний дээжээс сүүн хүчлийн бактерийн 200 гаруй цэвэр өсгөврийг ялган авч, молекул маркераар гений түвшинд тодорхойлж, тараг бүрэх, экзополисахарид нийлэгжүүлэх, нянгийн эсрэг идэвх зэрэг технологийн болон пробиотик шинж чанаруудыг судалж, хамгийн өндөр идэвхтэй өсгөврүүдийн хуурай хөрөнгө гарган авлаа. “Монгол тэмээ” ХХК-тай хамтран Завхан аймгийн Их-Уул, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех байгуулж, технологийн сургалт зохион байгуулав. Энэхүү ажлын хүрээнд 350.0 сая төгрөгийн өртөг бүхий Микробиологийн бэлдмэл хийх ферментёрийг БОАЖЯ-ны санхүүжилтээр авч суурилуулав.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд 3 төрлийн 3 зүйл модны 43,000 ширхэг нэг настай тарьц, бургас, улиасны 10,000 гаруй саваа тайрдас тарьж ургуулаад байна. Мөн “Бүх нийтээр мод тарих өдөр” -ийг тохиолдуулан 9 төрлийн 700 гаруй мод, сөөг ургамлыг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид тарилаа.

“Монгол орны ургамлын аймаг” цувралын “Монголын мөөгний аймаг” хэмээх Чидмэг багийн 6 овгийн 11 төрөлд хамаарах 52 зүйл, Гуурстмалгайт багийн 7 овгийн 12 төрөлд хамаарах 30 зүйл мөөгний адилцаа нэрс, овог, төрөл, зүйлийг таних түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойллого, ургах орчин, тархалтын мэдээллийг харуулсан 49 зураг, 82 зүйл мөөгний тархцын цэгэн картыг агуулсан анхны номыг хэвлэн нийтлүүлэв.

Газарзүй, гео-экологийн хүрээлэн: Вэб-д суурилсан газарзүйн ба метадата мэдээллийн системийг ашиглан олон эх сурвалжийн хиймэл дагуулын мэдээг нийлэгжүүлэн боловсруулж, сэдэвчилсэн судалгаа болон зураглалд ашиглах 4 шинэлэг аргачлал боловсрууллаа.

“Монгол Улсын үндэсний атлас 2022” бүтээлээ хэвлүүлэв. Уг бүтээл нь 30 гаруй байгууллагын 140 гаруй хүний хүч хөдөлмөрөөр Монгол орны газар зүй, байгаль орчин, байгалийн нөөц, нөхцөл, хүн ам, нийгэм, түүх, соёл, эдийн засгийн холбогдолтой нийт 246 сэдэвчилсэн зураг бүхий олон талт мэдээллийг агуулсан шинжлэх ухааны лавлагаа, мэдээллийн эх сурвалжийг монгол, англи хадмал орчуулгатайгаар олон нийтийн хүртээл болгож байна.

Газар зүйн судалгааны түүхэн товчоон, газар зүйн шинжлэх ухааны ач холбогдол, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг онцолсон “Газарзүйчдийн мөрөөр”, геоэкологийн судалгааны түүхэн ач холбогдол, хувь нэмрийг үнэлсэн “Геоэкологи бидний амьдралд” зэрэг баримтат кино бүтээж, олны хүртээл болгов.

Геологийн хүрээлэн: Монгол оронд тархсан магмын, хувирмал болон тунамал чулуулгийн геологийн тогтоц, структурын хэв шинж, бодисын найрлага, үнэмлэхүй насны асуудлыг нарийвчлан тодорхойлж тэдгээрийн үүсэж бүрэлдсэн цаг хугацаа, гарал үүсэл, геодинамик хөгжлийн загварыг боловсруулж, тэдгээртэй холбоотой үүсэх хүдэржилтийн зүй тогтлыг харуулсан судалгааг гүйцэтгэлээ. Суурь судалгааны төслүүдийн хүрээнд төрөл бүрийн чулуулагт нарийвчилсан шинжилгээнүүд хийгдэж олон тооны петро-геохими, үнэмлэхүй насны шинэлэг үр дүнгүүд бий болж, бүс болон дүүргүүдийн геологийн зургууд шинэчлэгдэн зохиогдлоо.

Математик тоон технологийн хүрээлэн: Тооцоолон бодох хүчин чадал аль болох бага шаардах гүн сургалтын амны хаалттай, хаалтгүй хүний царай таних программ хангамжийг хөгжүүлэхийг зорьж 2 гегабайт багтаамжтай график тооцоолуур (NVIDIA GeForce GTX 1050) дээр ажиллах боломжтой алгоритм, түүнд харгалзах загваруудыг сургаж, гарган авлаа. Тус загвар нь туршилтаар амны хаалтгүй хүнийг 99%, хаалттай хүнийг 93%-ийн нарийвчлалтай таньсан байна.

Бутархай программчлалын онол, практикийн үр дүнг Монгол банкны актив, пассивын удирдлагад хэрэглэснээр мөнгөний бодлого оновчтой болж, эдийн засгийн өсөлт, инфляцын удирдлагад хэрэглэж болох бэлэн загварыг бий болгов. Загварчлалыг манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн компаниуд хэрэглэн хөрөнгийн бүтцээ оновчтой болгох, эргэлтийн хөрөнгийн зохистой хэмжээгээ нарийвчлан тогтоох боломжтой юм.

Одон орон геофизикийн хүрээлэн: Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэрт 1964-2021 онуудад болсон газар хөдлөлтийн мэдээллэлд дахин боловсруулалт хийж, газар хөдлөлтийн төвийн тархалтыг нарийвчлан тодорхойлж, сүүлийн 20 орчим жилийн хугацаанд тус бүс нутагт болсон хүнд мэдрэгдэм хүчтэй 6 газар хөдлөлтийн мэдээллийг нэмж тусган, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхтэй хагарал болон идэвхжилтийн судалгаагаар “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт” 1:500,000 масштабтай зургийг зохион гаргалаа.

Монгол орны нутаг дэвсгэр дэх GNSS байрлал тогтоох хиймэл дагуулын мэдээ хүлээн авах

52 суурин станцын өгөгдөл, хээрийн 41 цэгийн давтан хэмжилтийн мэдээлэлд үндэслэн царцдасны хэвтээ чигийн хөдөлгөөн болон деформацыг анх удаа загварчиллаа.

Олон улс судлалын хүрээлэн: Япон улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан “Монгол Японы харилцаа: Он дарааллын товчоон 1972-2022” эмхэтгэлийг нийтлүүлж, “Монгол, Японы боловсрол, соёл урлаг, эдийн засаг, спортын салбар дахь 50 жилийн хамтын ажиллагааг эргэцүүлэх нь” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

Хүрээлэнгийн 1978 оноос хойших эрдэм шинжилгээний 9 сэтгүүлийн 900 гаруй өгүүллийг www.mori.ac.mn цахим санд, 2000 оноос хойших “Олон улс судлал” сэтгүүлийн 700, “Mongolian journal of International Affairs” англи сэтгүүлийн 213 өгүүллийг www.mongoliajol.info порталд байршуулж, судалгааны эргэлтэд орууллаа. Ингэснээр тус хүрээлэнгийн 54 жилийн түүхэн хугацаанд бүтээсэн эрдмийн ажлын гол үр дүн болсон орон судлал, олон улсын харилцаа, гадаад бодлого, түүх, нийгэм судлалын холбогдолтой нийт эрдэм шинжилгээний өгүүллийг олон нийтийн зүгээс цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр цахимаар үзэж танилцах өргөн боломж бий болоод байна.

Палеонтологийн хүрээлэн: Хожуу цэрдийн цаг үед (~70 орчим сая жилийн өмнө) амьдарч байсан үлэг гүрвэлийн нэгэн шинэ зүйлийг нээж, Natovenator polydontus хэмээн нэрлэн шинжлэх ухаанд бүртгүүлэв. Тус амьтны ясны анатоми шинжүүд нь усны шувуутай төстэй, биеийн хэлбэр нь нарийн, гонзгой болж хөгжсөн нь энэхүү үлэг гүрвэлийг усны орчинд амьдардаг байсныг илтгэж байгаа юм.

Эдиакар-Кембрийн цаг үе буюу 540 орчим сая жилийн тэртээ гүехэн тэнгист амьдарч байсан Protohertzina anabarica, Treptichnus pedum зэрэг эртний, гуурслаг бичил амьтныг анх удаа олж тодорхойлов. Энэхүү амьтдыг олсноор дэлхийд ганц газарт байдаг, эдиакар-кембрийн цаг үеийн заагийг илэрхийлэх геологийн тулгуур зүсэлт нь манай орны Завханы бүсэд байгааг илэрхийлж байна.

Тархи, сэтгэл судлалын хүрээлэн нойронд амьсгал тасалдах хам шинжээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор эрүү залгах зэмсгийг практикт нэвтрүүлж, нойронд амьсгал тасалдах хам шинжтэй 30 хүнд эрүү залгах зэмсгээр ажиглалт хийхэд нойрны чанар сайжирч байгааг тогтоолоо. “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Америкийн Тархи судлалын нийгэмлэгийн “Annual Meeting of the Society for Neurosciences” олон улсын хуралд судалгааны багаар оролцож, судалгааны үр дүнг импакт фактортай сэтгүүлд хэвлэн нийтлүүлэв.

Технологийн инкубатор: шинжлэх ухааны паркууд, инкубаторууд, эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаачидтай хамтран 15 төрлийн технологийн туршилт зүгшрүүлэлтийг 50 гаруй удаагийн давтамжтайгаар гүйцэтгэн, технологийн горимуудыг нь тогтоолоо.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын ХАА-н үйлдвэрлэлийг дэвшилтэт технологи, инновацад тулгуурлан хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд инновацын 3 шинэ бүтээгдэхүүний технологийг боловсруулан хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болголоо.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хур болон үүсмэл хогийн цэгийн 110,000 м2 талбайн 7,000 тонн хогийг устгах, талбайг тэгшлэх, ариутган халдваргүйжүүлэх, хөрсийг эрүүлжүүлэх ажлыг өөрсдийн үйлдвэрлэж буй ашигтай бичил биетний “Био-Эко” био бэлдмэлийг ашиглан гүйцэтгэснээр тус талбайд мод тарих, ногоон байгууламж байгуулах боломжийг бүрдүүлэв. Мөн “Их ургац” биобордоог газар тариалан, хүнсний ногоонд хэрэглэх технологийн туршилт, зүгшрүүлэлтийн судалгаа” төслийн хүрээнд 5 тонн биобордоог үйлдвэрлээд байна.

Түүх, Угсаатны зүйн хүрээлэн: “Хошуу нутаг судлал” цувралыг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсын хошуу нутгийн түүх, соёл, угсаатны зүйн судалгааг шинэ шатанд гаргаж, энэ чиглэлээр судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн хамтын ажиллагаа болон орон нутаг судлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж байна. Энэхүү цувралын хүрээнд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, Сэцэн хан аймгийн Илдэн засгийн хошуу, Далай хан, Зоригт хан аймгуудын арван нэгэн баяд хошуу зэрэг хошуу нутгийн түүх, соёл, угсаатны зүйн судалгааны асуудлаар орон нутагт 3 удаагийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, тухайн хошуу нутаг судлалын хүрсэн ололт, амжилт, цаашдын судалгааны зорилтыг хэлэлцэж, энэ чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмэр орууллаа.

“Чингис хаан” музейн Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн, Монголын их амар амгалан (Пакс Монголика) гэсэн хэсгийн үзэл баримтлалыг боловсруулах, ерөнхий болон үзмэрүүдийн тайлбар бичих, Хүннүгээс эхлэн XIV-XVII зууны Монгол хүртэлх улсуудын Интерактив 10 газрын зургийн тайлбар бичих, онцгой ховор 14 олдворын НББ (Augmented reality) үзүүллэгт тайлбар бичих, Хубилай хааны зуны ордон Шанду, Тогоонтөмөр хааны зарлигаар байгуулсан Цавчаал боомтын хаалганы макет хийх, түүхийн нэр томьёог жигдлэх зэрэг ажилд оролцож, түүхэн үндэслэлтэй бүтээн байгуулалт болгоход нь өөрсдийн хувь нэмрээ оруулав.

Физик технологийн хүрээлэн: Гаусс – Бонне гишүүнээр өргөтгөсөн онолд динамик тэгшитгэлд нэмэлт нөлөө үүсдэгийг батлан уг системийн тэнцвэрийн анализыг гүйцэтгэв. Үүнд үндэслэн Ертөнцийн хувьслын ажиглалтын өгөгдөлтэй харьцуулан судлав.

40 ГэВ/с импульстэй харилцан үйлчлэлээр үүссэн хоёрдогч протонуудын хувьд кумулятив тоо хэмээх хувьсагчийг ашиглан зайн параметруудыг тодорхойлж, квант хромодинамикийн потенциалыг эдгээр параметрийг ашиглан байгуулсан бөгөөд квант хромодинамикийн потенциалаас параметрээр уламжлал авч хүчийг тодорхойлов. Мөн туршилтын физикчид Гели- неон лазер бүхий гадаргуун плазмоны резонансын үзэгдэлд тулгуурласан бүрэн автомат төхөөрөмжийг зохион бүтээж, алтны нимгэн үед хэмжилтийг хийж гүйцэтгэлээ. Хоёр орчны хугарлын илтгэгчийн маш  бага  өөрчлөлтийг  илрүүлэх  чадвартай энэ төхөөрөмжийг  ашиглан хүний цусны дээжийг шинжлэх замаар элэгний Д вирусын оношлуур болгон ашиглах боломжтой. Дамжуулагч полимер болох полианилиныг хоёр хэмжээст графен оксидоор хольцлон композит нэгдлүүдийг гарган авч, конденсаторын электрод болгон ашиглахад цахилгаан    химийн    идэвх (0.20 – 4.90 мA) өсч,     хувийн цахилгаан багтаамж  (30 –     482  Ф/г)  нэмэгдэж, цахилгаан химийн хэлхээний бүрэн эсэргүүцэл (EIS) буурч байгааг тогтоов.

Философийн хүрээлэн: “Монголын Философичдын өв” цувралын III, IV, V цуврал бүтээл, суурь судалгааны төслийн үр дүнд “Ахмад настны социаль асуудал: үр дагавар, төлөв хандлага” бүтээл, “Тогтвортой хөгжлийн оюун санааны үндэс” хамтын бүтээл, “Улс төр, эрх зүйн судалгаа” гурван боть бүтээлийн чуулганыг хэвлүүлэв.

“Ахмад настны социаль асуудал: үр дагавар, төлөв хандлага” төслийн үр дүнгээс боловсруулсан бодлогын зөвлөмжийг УИХ, ЗГХЭГ, ХНХЯ-д хүргүүлэв.

Хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулж “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

Хими, химийн технологийн хүрээлэн: “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд уул уурхай-металлурги химийн үйлдвэрлэлийн цогцолборт байгуулагдах зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг ашиглах боломжийг судлан, фосфатын хүдрийг хүхрийн хүчлээр боловсруулан олон улсын стандартын шаардлага хангасан энгийн болон давхар суперфосфатын бордоо, моно-аммонийн фосфат (MAP), ди-аммонийн фосфатын (DAP) холимог бордоо, фосфорын хүчил гарган авах технологиудыг боловсрууллаа.

Мод бэлтгэлийн хаягдал шилмүүсийг иж бүрэн, хаягдалгүй боловсруулж, бүтээгдэхүүн гарган авах судалгааны үр дүнд эфирийн тос, малын тэжээл, ванны шингэн рашаан гарган авах технологийг боловсруулж, үйлдвэрлэлийн жижиг цех байгуулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. Цэвэр эфирийн тос болон түүнийг агуулсан байгалийн үнэрт агаар ариутгагч, анхилуун үнэрт лаа зэргийг үйлдвэрлэж буйгаас цэвэр эфирийн тос нь Европын холбоонд худалдан борлуулах эрх авч, худалдаалагдаж эхлээд байна.

“Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага MNS/ISO/IEC 17025:2018” стандартын шаардлагыг хангасан үндэсний итгэмжлэгдсэн лабораториудтай боллоо. Ингэснээрээ хүрээлэнгийн 9 лаборатори эрдэс түүхий эд, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүн, гадаргын болон гүний ус, рашаан, хөрс, эмчилгээний шавар, эрдэс бордоо, сүү, мах, амьтан ургамлын гаралтай түүхий эд, тос, мөөг, жимс, жимсгэнэ, химийн бодис   зэрэг 46 төрлийн бүтээгдэхүүн материалд 212 үзүүлэлтийг батлагдсан арга аргачлалын дагуу тодорхойлох, сорилт, хэмжилт, шалгалт тохируулга, баталгаажуулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх боломжтой болсноор манай бусад лабораторид хийгддэггүй, арга аргачлал нь баталгаажаагүй байсан олон үзүүлэлт итгэмжлэгдэв.

“Хими-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг МУИС, ШУТИС, МУБИС, Химийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж, 18 байгууллага, аж ахуйн нэгж технологи, бүтээгдэхүүнээ танилцуулав.

Хэл зохиолын хүрээлэн: “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж, 14 орны 60 гаруй эрдэмтэн судлаачид оролцов. “Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын хөгжил, инновацыг дэмжих нэр томьёо төлөвлөлтийн стратеги, дэд бүтэц” сэдвийн хүрээнд Австрийн ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны цахим төв, Венийн их сургуулийн Орчуулга судлалын төв, олон улсын нэр томьёоны байгууллага Инфотермийн эрдэмтэн судлаачидтай хамтарсан сургалт, семинар хийлээ.

“Монголын нууц товчооны тайлбар толь” бүтээл, “Монголын утга зохиолын нэвтэрхий толь” 3 боть, “Монгол хэл судлал” 15 боть хамтын бүтээлийг нийтийн хүртээл болголоо.

Техник технологийн салбарын эрдэмтэд Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн судлаачид “Нүүрсний эгэл хэсгийн хаталтын процессын математик загвар”, “Үнслэг давхаргатай хатаагдсан хэсгийн шаталтын загвар”, “Хатсан коксын үлдэгдлийн шаталтын загвар” зэрэг 6 загварыг онолын түвшинд боловсруулсан байна.

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаачид 2015 оноос IWTO (International Wool Testing Organization)-аас IWTO 8, IWTO 47 стандарт аргачлалуудаар итгэмжлэгдэн 133 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээ, батламжлах тамгын хамт хүлээн авч, олон улсын сорилт шинжилгээг хийх итгэмжлэгдсэн лабораториор ажиллах боллоо.

Уул уурхайн хүрээлэнгийн судлаачид “Уурхайн геотехникийн судалгаа”-ны хүрээнд чулуулгийн арга аргачлал боловсруулж, аргачлалын дагуу судалгааг Эрдэнэтийн уурхайн жишээн дээр хийсэн бөгөөд чулуулгийн тодорхой өнцгөөр хувааж гулсах үеийн бат бэхийг тодорхойлох стандарт боловсруулжээ. Мөн нүүрс, төмрийн хүдэр, жонш гэх мэт давхардсан тоогоор 36 ордын (уурхайн) чулуулгийн шинж чанарын боловсруулсан аргачлалын дагуу судалгааны ажлыг хийж  нэгтгэсэн тайлан гаргасан байна.

Орхон аймгийн “Эрдэнэт үйлвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг өтгөрүүлэх ТЭЗҮ болон Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сөгдөхийн шохойн чулууны ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-г боловсруулжээ.

Ой модны сургалт судалгааны хүрээлэн Баянхонгор аймгийн ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө /ОТМТ/ боловсруулан холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Анагаах ухааны академийн эрдэмтэд, халдвар судлаачид SARS-CoV-2 илрүүлэх нүклейн хүчилд суурилсан 3 аргачлалыг практикт туршин тогтворжуулж, “COVID-19 халдварын илрүүлэг хийхэд сорьцыг багцалж шинжлэх аргачилсан зөвлөмж” боловсруулан батлуулж, үндэсний лабораториудад нэвтрүүллээ. Манай улсад илэрсэн SARS-CoV-2 вирусийн омгийг БНХАУ-д анх илэрсэн (hCoV-19/Wuhan/Hu-1/2019) омогтой харьцуулан судалж, Монголд илэрсэн SARS-CoV-2 вирусийн гений бүрэн дарааллыг тогтоож, Генбанканд бүртгүүллээ.

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Лидэр-7 тангаас гарган авсан Монфлю уусдаг мөхлөг эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, эрүүл мэндийн практикт нэвтрүүллээ. Монфлю эм нь томуу, томуу төст өвчний үед халуурах, бие зарайх, толгой, хоолой өвдөх үед эмчилгээний үр дүн өндөр байгааг тогтоожээ. Түүнчлэн ходоодны архаг үрэвсэлд Гастрофайр шахмал, нойр булчирхайн архаг үрэвсэлд Халифорте капсул, яс, үений үрэвсэлд Гарди наалтыг хэрэглэхэд ямар нэг гаж нөлөөгүй, эмчилгээний үр дүн өндөр байгааг тогтоож, эрүүл мэндийн практикт нэвтрүүлэв.

Анагаах ухааны хүрээлэн хүн амын дундах тархины харвалтыг бүртгэлжүүлэх, эргэн мэдээлэх, эмчилгээний хяналт хийх, судалгааны өгөгдөл гаргах, халдварт бус өвчний бүртгэлийн тогтолцоог бий болгох программ, аппликэйшн шинээр бүтээн хөгжүүлэв. Түүнчлэн хүн амын дундах тархины харвалтын өвчлөлийг нас, хүйс, харвалтын хэлбэрээр судалж, тархины харвалт үүсэх эрсдэлт хүчин зүйлс, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож, нас баралтыг тооцоолжээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Австрали улсын “Sunrise” олон улсын судалгааны багаас “Бага насны хүүхдийн хөдөлгөөн, зан үйлийн судалгаа” төслийн үр дүнгээр “Sunrise Study Mongolia-for best communication” шагнал хүрлээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв МонгПЕН загвар төслийг “МонПЭН санаачилга” болгон өргөжүүлж, аймаг, нийслэлийн нийт 132 эрүүл мэндийн төвд Хоол боловсруулах өвчин, зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN/HEARTS)- ыг практикт нэвтрүүлж, олон улсад тэргүүн туршлага болохуйц үр дүнтэй ажилласныг ДЭМБ- ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Такеши Касай онцлов.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүүхэд насанд гуурсан хоолойн багтрааг эрт илрүүлэн тархалтыг тогтоож, тасралтгүй хянах тогтолцоог бүрдүүлэн хяналтын эмчилгээний үр дүнг тооцох судалгааг гүйцэтгэж, нярайн сонсгол бууралт, дүлийрлийг эрт илрүүлэх скрининг оношилгоо, эмчилгээний үр дүнг тооцох, нөлөөлөх хүчин зүйлсийг судлан, нярайн сонсгол бууралт, дүлийрэл үүсэхэд перинатал эмгэг, удамшлын өгүүлэмж, төрөлхийн хөгжлийн гажиг, чихний эмгэг, дутуу төрөлт зэрэг нь статистикийн хувьд ач холбогдол бүхий хүчин зүйлс болж байгааг тогтоожээ.

Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд ахиц гаргаж, оюуны бүтээл болох оношлуур, цомгуудыг зах зээлд нийлүүлсэн онцлог жил байв. ХААИС-ийн дэргэд малын эмнэлэг байгуулж, шүлхийн вакцин үйлдвэрлэх технологи боловсруулан баталгаажуулж, практикт нэвтрүүлэхээр Биокомбинатад үйлдвэрлэхээр шилжүүлсэн байна. Газар тариалангийн салбарын эрдэмтдийн боловсруулсан ган, өвчин хортонд тэсвэртэй улаан буудайн Дархан сортын тариалалтын хэмжээ Монгол Улсын нийт тариалангийн талбайн 40%-д хүрсэн түүхэн жил байв.

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн Молекул, биологи генетикийн лабораторийг шинээр байгуулж, сарлагийн геномын судалгаагаар дараах онцлох үр дүнг гаргажээ. Сарлагийн амьдын жин, зүсийг хариуцсан 12 SNP маркерийг илрүүлэв. Монгол орны экологийн ялгаатай бүс нутагт малладаг популяц тус бүрийн сарлагийн геномын дараалал дахь өвөрмөц дан нуклеотидын задлан шинжилгээгээр илэрсэн генетик олон янз байдал, генетик зай, түүний ялгаа, генетик хольцын шинжилгээ зэргээс харахад сарлагийн популяцууд нь 4 фено болон 2 гено хэвшилд хуваагдаж байгааг тогтоожээ.

2022-2025 онд хэрэгжих КОПИА Монгол төв, ХААИС, МААЭШХ-ийн хамтарсан “Монгол улсад ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэх технологийг нутагшуулах”, тэжээлийн нэг ба олон наст ургамлын үр үржүүлэх, үрийн аж ахуй бий болгоход чиглэгдсэн төслийн гэрээ хийж, үйл ажиллагааг  эхлүүлсэн байна.

Мал эмнэлгийн хүрээлэн Монгол улсыг үхрийн цээж өвчнөөр тайван болохыг баталгаажуулах судалгааг үе шаттайгаар гүйцэтгэж, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-аар хүлээн зөвшөөрүүлэв. Улаанбаатар хотын дүүргүүд, 21 аймгийн бүх сумдаас цуглуулсан 10100 орчим үхрийн сорьцод ийлдэс судлалын шинжилгээг давталттайгаар гүйцэтгэжээ. Судалгааны үр дүнд 4 аймгийн 5 сумд хамаарах 6 үхрийн сорьц эерэг урвалтай гарсныг Үхрийн цээж өвчний олон улсын лавлагаа лаборатори (CIRAD, FRANCE)-д илгээн шинжлүүлэхэд үхрийн цээж өвчний хамааралгүй болох нь тогтоогдов. Үхрийн цээж өвчнөөр тайван статус авснаар олон улсын шаардлагад нийцсэн болохыг олон улсад таниулах, Монгол улсаас мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авах олон улсын анхаарлыг татах, олон улсад экспортлох боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Монголд анх удаа гарч оношлогдож буй Үхрийн арьс товруутах өвчний вирусийг ялган авч, гарал үүслийг тодорхойлж, олон улсын сэтгүүлд үр дүнг хэвлүүлжээ.

Ургамал, газар тариалангийн хүрээлэн судалгааны үр дүнгээр аргачлал заавар, технологи, зөвлөмж 7, нийт оюуны өмчийн баталгаажилт 22, үүнээс патент-1, зохиогчийн эрхийн гэрчилгээ 5, стандарт 2, таримал сортын батламж 5, шинэ таримал, сортыг баталгаажуулах, түгээх зорилгоор комиссын хурлаар үр тариа, хүнсний ногоо, жимсгэнийн 8 сортыг ирээдүйтэй сортоор батлуулж, 2-ыг сорилтод дэвшүүлэв. Шинэ таримал, сортыг тариалан эрхлэгчдэд түгээхэд зориулан улаан буудайн 4 сортын 365.0тн, бусад үр тарианы 53тн элит үр, төмсний 116тн элит үр, хүнсний ногооны 11 төрлийн таримлын 840кг элит үр, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын 57933ш суулгац үйлдвэрлэв.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн тариалан эрхэлдэг бүх сумдын нутагт ажиллаж, Төвийн бүсийн Сэлэнгэ, Орхон аймгийн 18 сумын иргэн, аж ахуйн нэгжийн талбайн 108 цэгт, Төв, Дархан уул аймгийн 18 сум, Говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь- сүмбэр аймгуудын 24 сумын төмс, хүнсний ногоо, буудай, жимс, жимсгэнэ, хүлэмжийн тарималд тархсан хөнөөлт организмыг бүртгэж, дээж цуглуулан, тархалт, хөнөөлийн судалгааг хийж гүйцэтгэв.

 

ЭНТРЕПРЕНЕР СУДЛААЧ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын Хараа 2050”, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030, Шинжлэх ухааны Академийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний (2018-2025) хүрээнд “Энтрепренер Судлаач” үндэсний хөтөлбөрийг боловсрууллаа.

Монгол улсын “Оюуны уурхай” болсон эрдэм шинжилгээний ажлын үр дүн, үнэ цэнийг нэмэгдүүлж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор хөтөлбөрийг 3 үе шаттайгаар 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд ур чадвар эзэмшүүлэх, технологи хөгжүүлэх, бизнес хөгжүүлэх чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулна. ШУА нь анх 2018- 2021 онд “Энтрепренер Судлаач-21” (ЭС-21) төслийг санаачлан хэрэгжүүлснээр энтрепренер сэтгэлгээ, арга барилд суралцаж ур чадвар эзэмшсэн 21 судлаач, 13 оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлтгэсэн бөгөөд төслийн хүрээнд 2 инновацын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж, байгууллага даяар инновацын соёл төлөвшиж эхэлсэн эерэг үр дүн гарч, амжилттай хэрэгжсэн тул энэхүү төслийн үр өгөөжийг 10 дахин нэмэгдүүлэхээр 2022 онд хамрах цар хүрээг өргөжүүлэн тэлж улсын хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан баталж, эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа.

Хөтөлбөрийн гол онцлог нь судалгаа, шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн судлаачдыг энтрепренер арга барилд сурган чадваржуулахаас гадна хувийн хэвшлийн гарааны бизнес эрхлэгч энтрепренерүүдэд судалгааны арга зүй, ур чадвар эзэмшүүлэх зорилтыг дэвшүүлж, орон нутгийг хамруулж байгаад оршино. Уг хөтөлбөрийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас 409 оролцогч хамрагдахаар бүртгүүлээд байна.

Технологи инновацын дэлгүүр

Эрдэмтэн, судлаачдын судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүн, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “ScienBiz” технологи инновацын дэлгүүрээр дамжуулан олон нийтэд сурталчилж, зах зээлд нэвтрүүлж байна. Тус дэлгүүрт ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд, гарааны компани, ААН, хувь судлаачдын 120 гаруй нэр төрлийн инновацын бүтээгдэхүүн, оюуны бүтээлүүд борлуулж байгаа бөгөөд 2022 оны орлого өмнөх оноос 23.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Эрдэм Хакатон тэмцээн

“Монголын Инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд БШУЯ-тай хамтран “Эрдэм хакатон  2022”  тэмцээнийг   4   дэх  жилдээ   уламжлал  болгон  Инновацын  тэргүүлэх   чиглэл

/мэдээллийн технологи, шинэ материалын технологи, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, үндэсний онцлог бүхий соёлын инновац бүтээлч үйлдвэрлэл/-ийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг уламжлалт хөтөлбөрийн дагуу гарааны бизнес төсөл боловсруулах сургалт, менторын зөвлөгөө, чиглүүлэг, төслийн танилцуулга бүтцээр зохион байгуулж нийт 60 оролцогч 20 төслийн санаа дэвшүүлэн, бизнес төсөл боловсруулж өрсөлдсөн бөгөөд нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанд суурилсан, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой, оюуны өмчийн эрхээр баталгаажсан зэрэг шалгуур үзүүлэлтээр шүүж 3 инновацын төслийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжлээ.

Тэмцээний тэргүүн байранд ганга, чихэр өвс, зэрлэг жимсний найрлагатай эрүүл мэндийн “Чигабэри” бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслөөр “Рэфрэш” баг шалгарч 20 сая төгрөг, дэд байранд импортыг орлох, байгаль экологийн тэнцвэр, экосистемийг хадгалах, загасны хоол тэжээлийг үйлдвэрлэх төслөөр “Фишириум” баг шалгарч 10 сая төгрөг, гуравдугаар байранд мөнгөний нанобөөм агуулсан агаар болон гадаргуу халдваргүйжүүлэгчийн төслөөр “Tradinsight” баг шалгарч 5 сая төгрөгийн гарааны хөрөнгө оруулалтыг тус тус авлаа.

Жил бүрийн Эрдэм хакатон тэмцээнд оролцогчдын ур чадвар, төслийн чанар сайжирч, хөрөнгө оруулалтын хэмжээ шагналын сан өсөн нэмэгдэж байгаа бөгөөд шалгарсан төслүүдтэй эргэх холбоотойгоор хамтран ажиллаж, төслөө бодит үр дүнд хүрэх хүртэл нь менежментийн дэмжлэг үзүүлсээр байгаа нь урьд өмнөх жилүүдийн оролцогчдын өсөлт дэвшил, үр дүнгүүдээс харагдаж байна.

Оюуны өмч

Судлаачдын оюуны өмчийн талаарх ойлголтыг батжуулан гүнзгийрүүлэх, зөв зохистой ашиглах, хамгаалах хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх замаар технологи, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Дэлхийн оюуны өмчийн өдрөөр “Оюуны өмч ба залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе сургалт”, ТИСК-ийн албан хаагчдыг чадавхжуулах “Аж үйлдвэрийн өмчийн хайлтын арга хэрэгсэл, стратеги” сэдвээр 5 цуврал сургалтыг тус тус зохион байгууллаа.

Судалгааны ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд патент 1, оюуны өмчийн гэрчилгээ 11, мэдүүлэг 3, хугацаа сунгалт 1 тус тус хийгдсэн байна. Мөн ШУА-ийн судлаач 13 оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч агент нь Монгол Улсын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоонд гишүүнээр элсэж бүртгүүлэв.

ШУА-ийн оюуны өмчийн роялти орлого 2022 онд 3.9 сая төгрөг болсон байна. “Булингын насос үйлдвэрлэх” инновацын төслийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангав.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа